БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпин удахгүй Пакистанд хийх айлчлалынхаа үеэр тус улсад 46 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа мэдэгдэх аж. Энэ тухай Хятадын “Сяньхуа” агентлаг мэдээлснээр энэхүү хөрөнгө оруулалтыг Балучистан мужийн Гвадараас Шинжаан хүртэл Хятад, Пакистаны эдийн засгийн коридор байгуулахад зарцуулах аж.
Пакистаны зүгээс энэ хөрөнгө оруулалт хүндрэлтэй байгаа эдийн засгийг нь өндийлгөж, олон жилийн турш үргэлжилсэн эрчим хүчний хомсдлыг төгсгөл болгоно хэмээн найдаж байгаа юм.
Хоёр улсын удирдагчид мөн айлчлалын үеэр аюулгүй байдлын асуудлаарх хамтын ажиллагааны талаар нухацтай хэлэлцэх юм байна.
Ши Жинпин Пакистанд хоёр хоног төрийн айлчлал хийх юм. Тэрээр айлчлалын хүрээнд Пакистаны Ерөнхийлөгч Мамнүүн Хуссейн, Ерөнхий сайд Наваз Шариф болон бусад холбогдох төрийн албан тушаалтнуудтай уулзах аж. Мөн Пакистаны парламентад үг хэлнэ хэмээн төлөвлөжээ.
Дээр дурдсан хөрөнгө оруулалтаас 28 тэрбумд нь хамаарах гэрээ хэлцэл хэдийнэ бэлэн болоод байгаа бөгөөд нийт гэрээ зурагдсанаар Пакистаны хамгийн том хөрөнгө оруулагч нь АНУ биш БНХАУ болох юм.
Хоёр орны эдийн засгийн коридорын төлөвлөөгөөний хүрээнд Хятадын Засгийн газар болон төрийн өмчит банкууд Хятадын компаниудад зээл олгож, цаашид төслүүдэд хөрөнгө оруулах боломж бүрдэх юм. Одоогоор автозам, төмөр зам, эрчим хүчний бүтээн байгуулалтууд багтаж байгаа бөгөөд нийт 15.5 тэрбум ам.долларын өртөгтэй нүүрс, нар, салхи, цахилгаан станцууд 2014 он гэхэд ашиглалтад орохаж. Ингэснээр Пакистаны эрчим хүчний хангамжийн хүчин чадал 10 мянга 400 мегаваттаар нэмэдэх гэнэ.