Аж үйлдвэрийн яам, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба, Замын-Үүд сумын ЗДТГ хамтран “Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт-2015”-ыг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд энэ сарын 25-нд зохион байгуулах гэж байна. Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын зорилго нь "Замын-Үүд" чөлөөт бүсийн өнөөгийн байдлыг танилцуулах, хөрөнгө оруулалт татах, бүсийн хөгжлийн талаар зөвлөлдөхөд оршиж байгаа аж. Энэ талаар Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын Чөлөөт бүсийн хөгжил, аж үйлдвэрийн паркийн хэлтсийн дарга Т.Чимэгсанаагаас тодрууллаа.
-“Хөрөнгө оруулагчдын чуулга, уулзалт-2015”-ыг зохион байгуулах гэж байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?
-Аж үйлдвэрийн яам, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба, Замын-Үүд сумын ЗДТГ хамтран “Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт-2015”-ыг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд энэ сарын 25-нд зохион байгуулна. Энэ удаагийн чуулга уулзалтанд оролцогчдыг гадаад, дотоод гэж ялгаварлахгүй, хөрөнгө оруулагчдын тоонд хязгаар тавихгүй нээлттэй зохион байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл "Замын-Үүд" чөлөөт бүсэд хөрөнгө оруулах сонирхолтой хаанахын, хэн ч ирж чуулганд оролцож болно. Одоогийн байдлаар "Замын-Үүд" чөлөөт бүсэд хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллагуудад урилга, хөтөлбөрөө хүргүүлээд байна.
"Замын-Үүд" чөлөөт бүсэд хийгдсэн хөрөнгө оруулалтын тухайд хоёр төрлийн хөрөнгө оруулалт орсон. Улсын төсвөөс болон БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хөрөнгө оруулалт хийгдээд байна. Улсын төсвөөс нийтдээ зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Харин БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд нийт 58.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байна. Энэ нь зөвхөн чөлөөт бүс биш Замын-Үүд сумын дэд бүтцийг бүхэлд нь сайжруулах төсөл байгаа.
-Төслийн хүрээнд хийгдэх эхний ажлууд хэдэн хувьтай байна вэ?
-“Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд үндсэн дөрвөн багц ажил хийгдэж байна. Нэгдүгээрт дулаан хангамж, хоёрдугаарт усан хангамж, гуравдугаарт цахилгаан хангамж, дөрөвдүгээрт авто зам, холбо гэсэн чиглэлээр ажлууд хийгдэж байгаа. Хөрөнгө оруулалтын хүрээнд хийгдэх дөрвөн багц ажлаас хоёр ажил бараг дууссан. Харин автозам, дулааны станц барьж байгуулах ажлууд ирэх долдугаар сард дуусч, хүлээлгэж өгөхөөр төлөвлөөд байна. Ер нь олон улсын жишгээс харахад чөлөөт бүсийг байгуулахдаа эхлээд инженерийн шугам, сүлжээ дэд бүтцийг бий болгоод энэ явцдаа хөрөнгө оруулалтаа татаж, дараагийн алхмуудаа хийдэг ийм практик байдаг. Энэ жишгийн дагуу эхний ээлжийн хөрөнгө оруулалт хийгдсэн учраас дараа, дараагийн хөрөнгө оруулалтыг татах зорилгоор дээрх чуулга, уулзалтыг зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулагчдад ямар санал тавих вэ?
-Замын-Үүдийн “Хөрөнгө оруулагчдын чуулга, уулзалт-2015”-ын үеэр бид хүрэлцэн ирсэн хөрөнгө оруулагчдад дараах багц мэдээллийг өгөхөөр төлөвлөж байна.Үүнд:
1. "Замын-Үүд" чөлөөт бүсийн өнөөгийн байдал ба цаашид авах арга хэмжээний талаар
2. Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар танилцуулга
3. "Замын-Үүд" чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөний танилцуулга
4. Чөлөөт бүсэд хийгдэх хөрөнгө оруулалт, газрын харилцааны зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
-"Алтанбулаг" чөлөөт бүсийн тухайд газрын асуудал нэлээн маргаантай байсан. "Замын-Үүд" чөлөөт бүсэд газрын харилцааг хэрхэн зохицуулах вэ?
-2006 онд тухайн үеийн Үйлдвэр, худалдааны сайдын "Алтанбулаг" чөлөөт бүсэд хэсэгчилсэн хэлбэрээр хөрөнгө оруулалт хийх тушаал гаргасан байдаг. Энэ дагуу газар хуваарилалтаа хийгээд гадаадын иргэнд ашиглуулах, дотоодын иргэнд эзэмшүүлэх гэрээ байгуулсан байсан юм билээ. Тухайн үеийн удирдлагууд "Алтанбулаг" чөлөөт бүсийн газрын хуваарилалт хийхдээ бүсийн ерөнхий төлөвлөгөөг баримтлаагүй, эмх замбараагүй олгосон тал бий. Харин "Замын-Үүд" чөлөөт бүсийн тухайд гэвэл нэг ч га газар олголт хийгдээгүй байгаа. Тиймээс одоо "Замын-Үүд" чөлөөт бүсэд газар олголтыг эхнээс нь эмх замбараатай болгох зорилгоор Чөлөөт бүсийн тухай хуулийн хүрээнд чөлөөт бүсэд хэрэгжих төсөл хөтөлбөрт тавигдах шалгуур үзүүлэлт болон бусад баримт бичгүүдийн төслийг боловсруулаад байна.
-"Алтанбулаг" чөлөөт бүсийн үйл ажиллагаанд ахиц гарахгүй байгаа талаар шүүмжлэл бий. Тэгэхээр цаашид ямар зарчмаар ажиллах вэ?
- Хөрөнгө оруулагчид өөрсдөө хүсэлт тавьсны дагуу "Алтанбулаг" чөлөөт бүсийг бид өнгөрсөн жилийн зургадугаар сарын 22-нд нээсэн. Засгийн газраас хөрөнгө оруулагчдад таатай нөхцлийг бүрдүүлсэн журам гаргаад үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Тэнд бизнесийн харилцаа үүссэн, үйл ажиллагаа явагдаж байгаа. Худалдааны төв, дэлгүүрүүд ажиллаж байна. Худалдан авалтын хувьд худалдаачдын санасанд хүрч чадахгүй байгаа ч худалдааны эргэлтийг сайжруулах, чөлөөт бүсийг хамтран хөгжүүлэх асуудлаар ОХУ-ын талтай ярилцаж байгаа. Яг одоогийн байдлаар ОХУ-ын талаас хөрөнгө оруулахаар гэрээ байгуулсан хоёр аж ахуй нэгж бий. Өнгөрсөн жил ОХУ-тай харилцан визгүй зорчих асуудал шийдэгдсэн. Гэхдээ харилцан визгүй зорчих болсноор "Алтанбулаг" чөлөөт бүсийн бараа эргэлт, зорчигч тээврийн урсгал нэмэгдэхгүй байна. Цаашид бараа эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулаад ажиллаж байгаа. Чөлөөт бүсийг байгуулж хөгжүүлнэ гэдэг бол маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө оруулалт шаардсан ажил. Тухайлбал, БНХАУ-Казакстаны хил дээр Хоргосын чөлөөт бүс байгуулах талаар хоёр улсын хооронд хэлэлцээ хийгдсэнээс хойш 6-7 жилийн дараа нээлтээ хийж байсан. Тэгэхээр чөлөөт бүс байгуулж, хөгжүүлэх нь богино хугацаанд хийгдэх ажил биш гэдгийг хэлмээр байна.