МАХН-ын дэргэдэх Ардчилал, Шударга ёс, Монголын эмэгтэйчүүдийн холбоо /АШЁМНХ/-ноос түймэрт өртсөн зүүн гурван аймгийн иргэдэд хандив, тусламж үзүүлэхээр болсон талаараа өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд АШЁМНХ-ны тэргүүн Л.Сэлэнгэ, АШЁМНХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Сарангэрэл, Ж.Бурмаа, Ш.Булган, Ч.Бямбадорж нар оролцож зүүн гурван аймагт хандивлах эмнэлгийн хэрэгслүүдээ танилцууллаа.
Тус холбооныхон нийт 10 гаруй сая төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл, тосон түрхлэг, наалт, цацлага, галаас аврах хөнжил зэрэг бараа материалыг ОБЕГ-аар дамжуулан Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын иргэдэд хандивлаж байгаа бөгөөд Өмнөд Африкт үйлдвэрлэсэн түлэнхийн үед яаралтай тусламж үзүүлэхэд шаардлагатай эмнэлгийн болон галын үеэр хэрэглэх хэрэгсэл байгаа талаар ярилаа. Тэдгээр эмнэлгийн хэрэгсэлүүд нь дайны болон гал түймэрийн гамшгийн үед олон улсад өргөнөөр хэрэглэдэг нэн шаардлагатай бүтээгдэхүүнүүд аж. Мөн НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Улаан загалмай нийгэмлэгээс албан ёсоор хүлээн зөвшөөрсөн, GMB стандартын шаардлага хангасан гэдгийн тус холбооны тэргүүн Л.Сэлэнгэ онцолж байлаа. Тэрбээр “Түлэнхий гэдэг бол хоёр дахь халдвар, гүн хордлогын улмаас хүний амь насанд хүрдэг. Тиймээс бид олон улсад хэрэглэдэг яаралтай тусламж үзүүлж, түлэнхийг халдваргүйжүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг ОБЕГ-аар дамжуулан зүүн гурван аймгийн иргэдэд хандивлаж байна. Бид эмэйгтэйчүүд, нийгмийнхээ төлөө яваа эх хүмүүс учраас түймэр гараад байгаа аймгуудын иргэд, малчидад санаа зовж, аль болох тусламж үзүүлж, хувь нэмрээ оруулахыг хичээж байна” хэмээн ярьсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)