Тун удахгүй норвегичууд FM радио сонсох боломжгүй болжээ. Тодруулбал тус улс 2017 оноос эхлэн өнөөгийн FM радиог халахаар болсноо албан ёсоор зарлалаа. Ингэснээр Норвеги улс FM радиог халсан дэлхийн анхны орон болж байгаа юм.
Гэхдээ энэ нь норвегичуудын мэдээлэл хүлээн авах эрхийг зөрчихгүй аж. Учир нь сонсогчид уламжлалт радио хүлээн авагчийн оронд дижитал хүлээн авагч худалдаж авах ёстой гэлээ. Эсвэл интернэтээр сонсч болохыг хууль тогтоогчид онцолж байна.
Эрх баригчдын мэдээлснээр Дижитал аудио системийг нэвтрүүлснээр жил бүр 25 сая ам.доллар хэмнэх аж. Мөн энэхүү шийдвэр нь хэрэглэгчдэд дууны хувьд өнөөгийнхөөс илүү чанарын түвшинг мэдрүүлэх гэнэ.
Норвегийн 5 сая хүн амын талаас илүү нь дижитал орчинд радио сонсдог болохыг уг шийдвэрийг гаргахын өмнөх судалгаа илрүүлсэн байна. Гэвч уламжлалт радио хүлээн авагчийг сольсноор 7.9 сая хүлээн авагч хэрэглээнээс гарах юм байна. Учир нь тус улсад явж буй машинуудэд л гэхэд ердөө 20 хувь нь дижитал радио сонсох боломжтой аж.
Г.Үжин