Ямар хүнийг “Боловсролтой хүн” гэх вэ? Энэ л асуултын хариултыг олохоор Ирээдүй цогцолбор 2-р дунд сургуулийн захирал О.Батсүхийг зорьлоо.
Түүний өрөөнд сууж байхад хүн өөрт оногдсон боломжийнхоо хэрээр өөрсдийгөө боловсруулж, хөгжүүлж үнэ цэнэтэй болох учиртайг ойлгох шиг. Боловролын салбарт тасралтгүй 15жил ажиллаж байгаа хүүхэд шуугисан их өргөөний эзэн болсон түүний ярианд уншигч та анхаарлаа хандуулна уу?
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний урилгыг хүлээн авч манай сайтын уншигч залуустай боловролын талаар ярилцах болсонд талархаж байна. Хоёулаа яриагаа дунд сургуулийн сурагчдийн мэдлэгийн түвшин ямар хэмжээнд байгаагаар эхлэх үү?
-Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Яриагаа би монгол хүн гэж ямар байх ёстой юм, боловсрол гэж ямар шаардлагатай юм, хүн яагаад боловсрол эзэмших ёстой вэ гэдэг талаар эхлэе гэж бодож байна. Хүн бүхэн сайхан амьдралтай, ирээдүйдээ итгэлтэй, өөрийнхөө ирээдүйг зөв аваад явах чадвартай, монгол хүн, монгол соёл, монгол түүхээрээ бахархдаг ийм л хүнийг монгол хүн гэж нэрлэх үнэлэмж бий болох байх гэж би боддог. Энэ үнэлэмжийг бий болгоход бидний яриад байгаа боловсрол гэдэг зүйл шаардлагатай гэж хувийн зүгээс бодож байна. Боловсрол гэдгийг би хэт нэг талаас хардаг. Өөрөөр хэлэх юм бол зөвхөн шинжлэх ухаанч байдлаар боловсрол олгохыг боловсрол гэж ойлгоод бүр хэвшчихсэн. Гэтэл боловсрол гэдэг маань зөв амьдрах, дадал зуршил олгох, тулгарсан саад бэрхшээлийг шийдэх, нийгэмтэй зөв зохицож амьдрах, энэ хэвшилийг л боловсрол гэж ойлгож авч үзмээр байгаа юм. Боловсрол гэдэг бол тухайн хүн төрсөн цагаас эхлээд хэрэг болж байдаг ийм л бодит зүйл юмаа гэдгийг олж харвал илүү их үр дүнгээ өгнө.
-Дунд сургуульд байхад багш нар “Номыг нь сурахгүй бол номхоныг нь сур” гэж хэлдэг байж билээ. Одоо бодоход зөв хүмүүжилтэй, төлөвшилтэй иргэн болгох гэж хэлсэн багшийн үг гэж боддог. Та сурагчдын төлөвшил ямар түвшинд байна гэж үздэг вэ?
-Төлөвшил гэдэг тухайн хүүхдийн хэрхэн иргэн болох чадвар. Үүнийг бий болгох гол хүрээлэл нь гэр бүл, найз нөхөд, багш хамт олон байдаг. Хүүхдийн хүмүүжил төлөвшил ахуйн орчин маш чухал. Хүн гэдэг өөрөө бүхнийг сурчихдаггүй, бүх зүйлийг эхлээд харж, даган дуурайж дараа нь өөрийн болгодог. Тиймээс бид боловсролын байгууллага л зөв төлөвшил хүмүүжилтэй болгоно гэдэг нь хэт явцуу хүрээний асуудал. Үүнд эцэг эхчүүдийн үүрэг оролцоо, гэр бүлийн дотоод уур амьсгал их нөлөөлдөг. Мөн тухайн хүүхдийн найз нөхөд, ах эгч, дүү гээд л олон хүчин зүйл байгаа шүү.
-Дунд сургуулийн сурагчидын ихэнх нь шилжилтийн насны хүүхдүүд байдаг. Энэ үед сэтгэл санааны хувьд, зан ааш, сэтгэлгээийн хувьд өөр өөр юм л даа. Хэрхэн зөв хүн болж хөгжих вэ гэсэн эгзэгтэй үе. Үүнд хүүхдэд багш, эцэг эхийн зүгээс ямар анхаарал тавьж байна? -Тэгэлгүй яахав. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд ямагт бусдыг даган дуурайх, өөрийн авьяас билэг, мэдлэг чадвараа нээн илэрүүлэх цаг хугацааны үе байдаг юм. Мөн их сониучхан зантай байдаг учраас хүүдийн шинжлэх ухаанч байдал энэ цаг үед л илрэн гарч ирдэг. Дунд ангийн сурагчдийн хувь өөрийгөө хөгжүүлэх секц дугуйланд идэвхитэй оролцдог. Мөн амьдралын зөв дадал хэвшил олгох, авьяас билгий нь нээн илрүүлж хөгжүүлэх, шинжлэх ухаанч байдалд сургах, энэ тал даар нь багш сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс анхаарал тавьж ажиллах ёстой. Харин эцэг эхийн зүгээс хүүхдүүдтэйгээ сайн ярилцах хэрэгтэй байна. Зөвхөн сургуульд сургаад хүүхэд зөв хүмүүжил төлөвшилийг олж авдаггүй. Давхар гэр бүл, найз нөхөд гээд өөрийн хамгийн ойрын хүрээллээсээ олж авдаг. Тиймээс хүүхдийнхээ юу хүсч, юунд тэмүүлж явдгыг эцэг эх нь асууж лавлах, тэр мөрөөдлийнх нь талаар ярилцах хэрэгтэй байна.
-Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид болон хүүхэд гэсэн энэ гурван холбоо нь эх орны хөгжлийн тулгын гурван чулуу гээд авч үзье. Таны бодлоор өнөөдөр эцэг эхын хурал гэж бүх сурагчдын эцэг эхын дунд болдог. Намайг бага байхад тэр хуралд очдог аав ээж тун цөөнө байж. Одоо энэ үзүүлэлт ямар түвшинд очсон бэ?
-Эцэг эхчүүдийн буруу ойлголтоос болж эцэг эхийн хуралд ирдэггүй хандлага дээхэн үед бол байсан. Одоо харьцангүй сайжирсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл арван хүүхэд тутмын гэр бүлээс найман эцэг эх асран хамгаалагч нь ирж хуралд суудаг. Энэ юуг харуулаад байна гэхлээр үр хүүхдүүддээ санаа тавьдаг эцэг эхийн тоо нэмэгдсэн үзүүлэлт ажиглагдаж байгаа юм. Нэг үеэ бодвол эцэг эхийн сургууль соёлын байгууллага, боловсорлоын байгууллагыг үнэлэх үнэлэмжинд нь асар их өөрчлөлт гарсан. Тэр нь юу вэ гэхээр зөвхөн мөнгө нэхэх, ном авах, ёс зүйн алдаа гаргасан үед хурал хийдэг гэсэн ойлголттой байсан бол, одоо таны хүүхдийн хөгжилд гэр бүлийн зүгээс нь оруулах ямар оролцоо хувь нэмэр бодит дэмжлэг байна, багш сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс ийм гаргалагаа байна гэсэн асуудлыг шийдэл болон хуралдаж байгаа нь сайшаалтай үзүүлэлт юм.
-Цаг заваа гаргаж маш сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Ярианыхаа төгсгөлд ирээдүйн боловсролын систем ямар байвал илүү дээр вэ гэж та бодож явдаг вэ? Одоо төрөөс бодлого болон хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд дунд сургуулийн сурагчдийн мэдлэг боловсолд хэр наалдацтай байна?
-Баярлалаа. Би хувьдаа маш сайн хэрэгжиж байгаа гэж үздэг. Гэхдээ хувийн зүгээс бид өөрсдийн гэсэн боловсролын тогтолцоотой болсон нь дээр байх. Яг өөрсдийн онцлогтоо тохирсон. Нэг хэсэг барууны орны боловсролын тогтолцоо гэж манайхан хошуурсан, түүний дараа япон улсын боловсоролын стандарт гэж тогтоож өгсөн. Яг монгол хүүхдийн, миний ярилцлагын эхэнд хэлснээр зөв монгол хүн болж төлөвшихөд, ахуй орчин, зан заншил, соёл уламжлалыг нь танин мэдүүлж эзэмшүүлэх арга барилд анхаарлаа хандуулмаар байна. Нэг үеэ бодвол би харьцангүй сайн хэрэгжиж байгаа гэж үздэг дээ. Эцэг эхчүүдийн үр хүүхдүүддээ тавих анхаарал халамж, мэдлэг боловсол, авьяас мэдлэгт нь тохирсон төсөл хөтөлбөрүүдийг л хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Шинэчлэлийн засгийн газраас хэрэгжсэн "Ном", "Авьяас" хөтөлбөр биелэлээ олсон маш үр дүнтэй байсан гэдгийг энд онцлохыг хүсч байна.
Тэрээр хүн бүхний хувь заяа зөвхөн өөрийнх нь гарт байдаг гэдэгт итгэдэг. Өөрийн амьдралын аз жаргал нь сурсан мэдсэн зүйлсээ бусдад хуваалцах ариун үйлстэн. Шохой барин самбарт зогсох дунд сургуулийн тооны багшийн дүр санаанд оров. Амьдралын сайхан нь боловсол юм байна. Боловсрол гэдэг нь зөв амьдрах ухаан гэсэн хариултаар энэхүү ярилцлагатаа цэг тавихаар шийдлээ. Таны гэгээн мэлмийд нийцсэн гэдэгт итгэл төгс байна.
Ярилцсан: Э.Ганхуяг