Саудын Арабаар удирдуулсан олон улсын цэргийн хамтрал Йемен дэх агаарын дайралтаа зогсоосон тухай “BBC” мэдээллээ. Албаныхны мэдэгдэж буйгаар Саудын Араб цэргийн үүргээ биелүүлсэн гэж үзсэн учраас агаарын дайралт хийхийг зогсоосон гэжээ.
Йемений зэвсэгт босогчид болох хоудичуудыг онилсон агаарын дайралтууд сар гаруйн хугацаанд үргэлжилсэн. Арабын орнууд голчлон оролцсон олон улсын хамтрал энэхүү үйл ажиллагаагаа “Шийдэмгийн шуурга” хэмээн нэрлэж байсан юм.
Тэд энэхүү үйл ажиллагааг зогсоосноор Йемений зэвсэгт босогчидтой тэмцэх дараагийн алхмыг хэрэгжүүлэх аж. Энэ нь улс төрийн хүрээнд шийдэл хайсан алхам байхыг онцолсон бөгөөд энэхүү ажиллагааг “Итгэлийг сэргээх нь” хэмээн нэрлэжээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр Йемений Ерөнхийлөгч Анд Раббух Мансур Хадийн хүсэлтээр тус улс дахь шийтийн босогчдод агаараас цохилт өгч эхэлсэн билээ. Сүүлийн үед нөхцөл байдал хурцдаж, өнгөрсөн ням гарагт л гэхэд Засгийн газрын дэмжигчид болон шийтүүдийн хооронд ээлжит мөргөлдөөний улмаас Зүүн Йеменд 100 орчим хүн амь үрэгдсэн юм.
Г.Үжин