Польш улс АНУ-аас амдан баригч “Patriot” пуужингийн системийг худалдан авах болсон тухайгаа албан ёсоор мэдэгдлээ. Ерөнхийлөгч Бронислав Коморовскийн мэдээлснээр гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болгох сүүлчийн хэлэлцээр эхэлчихсэн яваа аж.
ОХУ Калинградын Польштой залгаа хилд пуужингуудаа байршуулсны дараа Польш ийм нүүдэл хийлээ гэж барууны хэвлэлүүд дүгнэжээ.
Польш одоогоор хичнээн тооны пуужин худалдан авах нь тодорхойгүй байгаа ч “Patriot” загварын пуужингийн худалдаа ойролцоогоор долоо тэрбум ам.долларт хүрнэ хэмээн яригдаж байна. Хэрвээ ийм үнээр худалдан авбал уг гэрээ Польшийн батлан хамгаалахын түүхэн дэх хамгийн үнэтэй худалдан авалт болох юм.
“Patriot” нь өндөр зэрэглэлийн пуужингийн систем бөгөөд дайсны онгоц, залуурт пуужин зэргийг амдан барьж, устгах чадалтай аж.
“Батлан хамгаалах хүчнийхний хувьд техникийн шинэчлэл хийх нь армийн уян хатан байдлыг үр дүнд хүргэх өндөр ач холбогдолтой” хэмээн Ерөнхийлөгч хэлжээ. Мөн тэрээр Украины хямралын улмаас бүс нутгийн аюулгүй байдал суларсан хэмээн онцолсон байна.
Уг гэрээ нь Варшав ирэх найман жилийн хугацаанд 35 тэрбум ам.долларыг армийн зэвсгүүдээ шинэчлэх төлөвлөгөөний нэг хэсэг юм.
Польшийн өнөөгийн эрх баригчид Крымийг нэгтгэсэн асуудлаар ОХУ-тай харилцаагаа хөндийрүүлж байгаа билээ. Ерөнхийлөгч Бронислав Коморовски ОХУ-ын Дайны ялалтын 70 жилийн ойн баярын урилгад татгалзсан хариу өгснөөс хоёр орны харилцаа хэр хөндийрч буйг харж болно.
Г.Үжин