ОХУ-д аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ой ирэх сарын эхээр болно. Энэхүү арга хэмжээнд Москва ихээхэн ач холбогдол өгч байгаа юм. Үүнийг өчигдөр гаргасан хас тэмдгийг түр хориглох тухай захирамжаас харж болно.
Эрх баригчид баярын өмнө нийслэл Москва хотын бэлэг дурсгалын худалдаанд хяналт шалгалт хийж эхэллээ. Шалгалтын үеэр худалдааны цэгүүдэд түрэмгийлэл, алан хядлагын шинжтэй, хориглосон бэлгэ тэмдэг, хас тэмдэг бүхий бэлэг дурсгалын зүйлсийг хурааж, хориглох юм байна. Ийм хяналт шалгалтыг бусад хотууд, орон нутагт ч бас хийж ялангуяа хас тэмдэг, хориглосон байгууллагуудын бэлгэ тэмдэг, хувцас хэрэглэл зэргийг нягталж шалгах гэнэ.
Мөн хориглосон уриа лоозон, уриалга, тараах хуудас, иргэдийг шашин шүтлэг, үндэстнийх нь хувьд гутаан доромжилсон, дарамталсан утгатай үг хэллэг орсон материал зэргийг хурааж, хориглох юм байна.
Энэ дөрөвдүгээр сарын эхээр Москвагийн “Хүүхдийн ертөнц” их дэлгүүрт нацистуудын СС-ийн дүрэмт хувцас бүхий цээж баримал худалдаалж байсныг хурааж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.