АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдэгдэл хийлээ. Тэрээр мэдэгдэлдээ “Ардчилсан нам фракцгүй нам болж байгаагаа мэдэгдсэн. Намынхаа гишүүдийн захиалга, даалгавараар хийгдсэн энэ шийдвэрийг аймаг орон нутгийн намын байгууллагууд дэмжиж, фракцгүй Ардчилсан намтай болохыг уриалсан уриалгууд ирүүлсээр байна” гэлээ. Өнөөдрийн байдлаар Архангай, Баянхонгор, Дундговь, Дархан-Уул, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар, Увс, Ховд зэрэг 12 аймгаас намын байгууллагууд фракцгүй Ардчилсан намыг дэмжиж уриалга ирүүлсэн байна. “Намын удирдлагуудын зүгээс фракцгүй, хүчтэй Ардчилсан намын төлөө явах чиг хандлагыг барьж ажиллах болно. Ардчилсан нам дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн “Аймгийн чуулган 2015” аяныг орон даяар зохион байгуулж байна. Энэ аяны зорилго нь орон нутгийн иргэдийн санаа бодлыг сонсох, анхан, дунд шатны намын гишүүдэд сургалт зохион байгуулах, фракцгүй АН-ын хөгжлийн чиг хандлагаар гишүүдийн санаа бодлыг сонсож, нэгдмэл ойлголтод хүрэх зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна” гэв.
Мөн “Ардчилсан нам парламентад суудалтай бүх намуудтай, хамтран Засгийн газраа байгуулж, ажиллаж байгаа. Энэ хугацаанд Ардчилсан намаас албан ёсоор улс төрийн намуудын талаар байр сууриа илэрхийлээгүй өнөөдрийг хүрсэн. Засгийн газраа хамтран байгуулсан олон намын дотроос МАН-д хандаж төрийн жинхэнэ албан хаагчдыг хомроглон халж байгаа хууль бус ажиллагаагаа таслан зогсоохыг шаардаж байна. Хуулийн дагуу ажлаа хийж байгаа төрийн албан хаагчдад зургаан сарын тэтгэмж хүчээр өгч ажлаас нь халж, оронд нь өөр хүн томилж, төсвийн хөрөнгийг үрэлгэн зарцуулж шалтгаангүйгээр төрийн албан хаагчдыг хомроглон халах асуудал Хөдөлмөрийн яам, БХБЯ, ЗТЯ, БОНХАЖЯ, МХЕГ, ОБЕГ-т хавтгайраад байна” гэлээ.
МАН-аас томилогдсон Засгийн газрын гишүүд нийтдээ 500 гаруй төрийн албан хаагчдыг хомроглон халаад байгаагаас БОНХАЖЯ өөрийн аппратныхаа төрийн албан хаагчдын 50 гаруй хувийг, Хөдөлмөрийн яам удирдах бүрэлдэхүүнээ 100 хувь, мөн 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлийн хөдөлмөрийн хэлтэсийн дарга нарыг бүгдийг нь халсан байна. “МАН Засагт хамтарсан учраа эдийн засгийн хүндрэлээс хамтдаа гарья, хэмнэлтийн горимд шилжье гэж тайлбарлаж байснаа эргэн санаж эрх мэдэл, албан тушаал, ширээ сандлын хойноос яваагүй гэдгээ ард түмэндээ харуулах цаг боллоо. Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгээс олон хүнийг хомроглон халсан Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн тушаалуудыг хүчингүй болгож, халагдсан ажилтан албан хаагчдыг эргүүлэн томилуулсны дараа Төрийн албаны сонгон шалгаруулалтыг хийхийг шаардаж байна” гэв.
Энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд С.Чинзориг сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүдээрээ дамжуулан өргөн барина гэдгээ мэдэгдлээ.
Мөн БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдыг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байна. Тиймээс Ж.Батболдыг эргүүлэн ажилд нь томилж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардаж байгаагаа илэрхийлсэн юм.
Энэ үеэр АН-ын генсек Л.Эрхэмбаяр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Фракцгүй АН болох нь улс оронд ямар ашигтай вэ?
-Улс орны хэмжээнд фракцуудад албан тушаал хувиарладаг байсан нь үнэн. Өмнөх Засгийн газрын нэг алдаа энэ байсан. Одоо бол бид АН-аас албан тушаалтныг томилохдоо хэн ямар фракцад байна гэдгээс хамаарахгүйгээр чадвар, мэдлэгтэй, төрийн албыг хашиж чадах хүн сонгодог тогтолцоо руу шилжинэ. Энэ нь манай намын мянган мянган гишүүдийн захиалга хүсэлт гэж ойлгож болно. Тиймээс фракц толгойлж байсан УИХ-ын гишүүд, намын удирдлагууд өөрсдөөсөө эхлэх ёстой гэж үзэж байгаа.
-Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан хүмүүсээс хэд нь АН-ын гишүүн байгаа вэ?
-Халагдсан төрийн албан хаагчдыг бид аль нам бэ гэдгээр хандахгүй байгаа. Төрийн албан хаагчийн тогтвор, суурьшилтай, нам солигдохоор хоморголон халдаг байдлыг таслан зогсоох ёстой. Цаашид бид төрийн албанд өгөө аваа шиг ханддаг байдлыг эцэслэх ёстой гэж үзэж байгаа.
Т.ЭНХЭЛЭЭ
Сэтгэгдэл (25)