Египетийн Порт-Саид хотын цэнгэлдэх хүрээлэнд гурван жилийн өмнө болж байсан хөлбөмбөгийн тэмцээний үеэр танхайрч, 74 хүний аминд хүрсэн этгүүдүүдэд ялын дээд хэмжээ оноожээ.
Тус улсын Дээд шүүхийн дарга Шауки Аллам энэ хэрэгт буруутгагдсан 11 танхай этгээдийг цаазаар авах тогтоолыг тавдугаар сарын 30-нд баталснаар эцсийн шийдвэр гарах юм байна.
2012 оны 2 сарын нэгэнд болсон тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчид талбай дээр гарч ирэн “Аль-Масри” багтай тоглож байсан каирын хөлбөмбөгийн “Аль-Ахли” багийн гишүүдийг зодож эхэлсэн юм. Улмаар бүх нийтийн зодоон болж Каирын багийн хөгжөөн дэмжигч 74 хүн нас барж, мянга гаруй хүн бэртэж гэмтсэн юм.
Тухайн үед цагдаагийн тусгай тасгийн 500 орчим ажилтан очсон ч зодооныг зогсоож хүчрээгүй байна. Энэ балмад явдлыг эсэргүүцэж Каир, Исмаил, Суэц хотуудад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж үүнийг зогсоохоор Египетийн армийнхан хотуудад орж, хөл хорих цаг тогтоож байсан билээ.