Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2014 оны тайланг хэлэлцэх үеэр гишүүн Сү.Батболд ийн ярилаа. Тэрбээр цааш нь Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогоос асуухдаа “Төрийн албаны томилгоотой холбоотой асуудал хөндөгдөнгүүт улс төрийн яриа болон хувирч, цаана нь төрийн албан хаагчид хохирдгийг бүгд ойлгодог мөртлөө өөрсдийн толгой дээрх бухлыг ч хардаггүй, бусдын толгой дээрх өвсийг ч харахыг хүсдэггүй. Төрийн албаны зөвлөлийн тайланг харж байхад 2012 оноос хойш төрийн албан хаагчдын шилжилт хөдөлгөөний өөрчлөлт 10 хувь хол давжээ. Өөрийнх нь хүсэлтээр гэсэн хаягтай атлаа өргөдлийг нь бичүүлээд халчихсан, өөр ажилд шилжүүлчихсэн төрийн албан хаагчдын тоо давхардсан тоогоор 35 мянга гараад явчихаж. 2012 оноос хойш төрийн албанд хийгдсэн хэдэн арван мянган хүний шилжилт хөдөлгөөн, хууль бус халаа сэлгээг хэдэн сайд нарын хийсэн томилгоотой хольж зарим гишүүн ярьж байгаа нь нөгөө бухал, өвс хоёрыг ялгахгүй байгаатай л адил.
Энэ тухай бид өмнө нь олон удаа ярьсан. Үүнийг улс төрөөр биш, хуулиар зохицуулдаг болох, өөрсдөө хийж чадахгүй учир гадаад улсаас тухайлбал, Канадын жишгээс суралцах олон оролдлого хийж байсан шүү дээ. Тус улс хүн ам цөөнтэй, мэргэшсэн боловсон хүчнээ манайх шиг тогтвортой ажиллуулах ийм шаардлагатай байсан учир Төрийн албаны хуулиа нэлээд цэгцтэй, хараат бус байдлаар хийж чадсан байдаг юм билээ. Бид ч хамтарсан Засгийн газрын үед Иргэний нийгмийн хууль, Төрийн албаны хуулиудыг гаргахаар төлөвлөж байсан. Төрийн албан хаагчдынхаа хараат бус, тогтвортой байдлыг хангахын тулд эхлүүлж байсан энэ ажлуудыг зогсоочихсон юм уу, эсвэл яагаад ач холбогдол өгөхөө больчихов, энэ бол төрийн залгамж чанарын л бодлого юм шүү дээ” гэлээ.
Харин ТАЗ-ийн дарга Б.Цогоо үүнд хариулахдаа “Бид таны саналыг бүрэн дэмжиж байгаа. Төрийн албыг мэргэшсэн тогтвортой байлгахын тулд мерит зарчмыг мөрдлөг болгох зарчмыг хуулийн төсөлд суулгаж өгөөд явж байна. Тохиолдлоор гадны хүн авчирдгийг болъё, төрийн албанд орсон иргэд шат ахих журмаар 15-20 жилийн дараа тийм зиндаанд хүрэх юм байна гэдэг өөр өөрийн төсөөлөлтэй, үүний төлөө ажиллаж амьдардаг болох ийм санаа хуулийн төсөлд ороод явж байгаа“ гэв. Энэ хариултыг сонссоны дараа эрхэм гишүүн Сү.Батболд Төрийн албаны хуулийг парламентад суудалтай бүх намууд нухацтай авч үзэх ёстой, бүх юм дууссан хойно, олон боловсон хүчний сонголт хийгдсэний дараа энэ хуулийг санаж, мерит зарчмыг ярьж байна даа гэлээ.
Сэтгэгдэл (8)