Монголд 13 сая евротой ирээд сураггүй алга болсон гэх ХБНГУ-ын иргэн 60 настай Максимлян Лёонхард Клойбер өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын 17-нд нас барсан талаар бид мэдээлсэн. Хэргийн газар цагдаа, шүүхийнхэн ажиллаж, хэрэг шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа билээ. Талийгаачийн цогцсыг Шүүх шинжилгээний хүрээлэнд шинжлүүлж байгаа бөгөөд үхлийн шалтгаан багагүй хугацааны дараа тодорхой болох талаар эх сурвалж хэллээ.
Уг хэрэгт одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх газар шалгаж байгаа юм. Уг газар нь мэргэжлийн түвшний мөрдөн байцаагчидтай онц хүнд гэмт хэрэгт шалгалтын ажиллагаа явуулдаг газар гэдгийг албаны эх сурвалж хэллээ.
Урт удаан хугацааны турш сураггүй, мөн Интерполоор хайж байсан иргэн гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдвол хэрэг шал өөрөөр эргэж болзошгүй юм. Харин золгүй байдлаар амиа алдсан нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйл ангиар хэрэг үүсэж шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болох магадлалтай байгаа юм.
Эх сурвалжуудын мэдээлж байснаар, мөн Интерполын сайтад гарсанаар Максимлян Лёонхард Клойбер нь Герман улсын хөрөнгө оруулалтын компаниас их хэмжээний мөнгө залилсан хэргээр 2004 оноос Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан гэдэг. Гэвч түүнийг нас барсаны дараа Интерполын сайтаас эрэн сурвалжилж байгаа гэх мэдээллийг авчээ. Тэгэхээр манай улсаас Германы хууль хяналтын байгууллагууд руу талийгаачийн талаарх тодорхой мэдээллийг явуулсан байж магадгүй байгаа юм. Харин Герман улсын хуулийн байгууллагаас Интерполд мэдэгдсэнээр талийгаачийн талаарх мэдээллийг татаж авахуулсан бололтой.
Уг хэрэгтэй холбогдуулж холбогдох хүмүүсээс мэдүүлэг, байцаалт авч эхэлсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар талийгаачтай хамтран амьдарч байсан гэх Ё.Гантуяа болоод түүний дүү, хамаатан саднаас мэдүүлэг авч байгаа аж. Учир нь М.Л.Клойбер нь хамтран амьдрагч Ё.Гантуяагийнхаа дүүгийн гэрт амьсгал хураасан байдалтай байсныг албан бус эх сурвалжууд мэдээллээд байгаа билээ.
Одоогоор Герман улсруу холбогдох албан тоотын явуулж талийгаачийг өнгөрсөн хугацаанд ямар ажил хийж байсан, ямар учиртай Монгол Улсад ирсэн зэргийг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна.
Гадаад улсын иргэн Монгол Улсад нас барсан учир ар гэрийнхэн болоод тухайн улсад мэдэгдэх ёстой. Өөрөөр хэлбэл, ар гэрийнхэн, төрөл төрөгсөдийг нь хайх ажлыг эхлүүлэх шаардлагатай байдаг. Тэгвэл энэ талаар Гадаад хэргийн яаманд ямар нэг санал, мэдээлэл ирсэн эсэхийг тодруулахад “Манайд уг иргэнтэй холбоотой албан бичиг, хүсэл зэрэг ирээгүй. ТЕГ хийгээд холбогдох хуулийн байгууллагууд ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоох байх” гэв.
Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарыг М.Л.Клойберын хамтран амьдрагч Ё.Гантуяаг залилсан гэж үзэж хэрэг үүсгэн шалгаж байгаад хэрэгсэхгүй болгосон. Улмаар Д.Цогтбаатарыг АТГ-т шалгагдаж байх үед АТГ-ын дарга Н.Ганболд 2014 оны тавдугаар сард “Еагл” телевизэд ярилцлага өгөхдөө “Герман иргэн 13 сая евротой Монголд ирээд сураггүй алга болсон хэрэгт Д.Цогтбаатарыг холбогдуулан шалгаж байна” гэж мэдээлж байсныг Д.Цогтбаатарын өмгөөлөгч онцлоод байгаа.
Тэгэхээр энэ бүхнээс М.Л.Клойберыг Монголд үнэхээр эрэн сурвалжилж байсан уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Үнэхээр эрэн сурвалжлагдаж байсан бол ямар учраас хайсан хийгээд яагаад энэ урт хугацааны дараа нас барсан байдалтайгаар олдож байгаа зэрэг ойлгомжгүй асуудлууд гарч ирэх юм.
М.Л.Клойбер гэж хэн байсан, интерполоор чухам ямар үндэслэлээр хайж байсан талаар гадны сайтуудад ингэж мэдээлжээ. Доорх линкээр орж мэдээлэлтэй танилцана уу?
http://www.e110.de/index.cfm?event=page.detail&cid=6&fkcid=6&id=43312
http://www.gomopa.net/Pressemitteilungen.html?id=523
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (11)