Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Сэм Уолш өнгөрсөн сард Монголд ирэхэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг түүнтэй уулзсан болон юу ярьсан нь битүүлэг хэвээр байлаа. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Оюутолгойн маргаантай асуудлуудын нэг болох татварын өрийн асуудал цэгцэрсэн тухай эх сурвалжууд мэдээлэх болсон.
Хоёр тал “Эвлэрлийн гэрээ” гэгчийг хийсэн бөгөөд энэ гэрээгээр Оюутолгойн 30 сая ам.долларын татварын өрийг цуцалсан гэж зарим эх сурвалжууд хэлж байгаа юм. Гэхдээ Монголын эрх баригчид одоог хүртэл энэ мэдээллийг баталгаажуулаагүй байгаа.
Гэтэл үнэхээр “Эвлэрлийн гэрээ” хийгдэж, талууд зарим маргаантай асуудлаа шийдсэн байна гэдгийг Рио Тинто баталлаа. Тус компани өчигдөр Оюутолгой жил бүр таван сая ам.долларыг олборлолт явуулж буй нутгийн малчдын ундны ус болон бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах болсноо олон улсад зарлав.
Оюутолгойн Гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй хамтын ажиллагааг илэрхийлж буй уг тохиролцоог “Энэ бол удаан хугацааны асуудал. Энэ нь хамтын зөвшилцил гэж юу байдгийг илэрхийлдэг урт хугацааны төлөвлөгөөг гаргана гэсэн үг” хэмээн ярьжээ.
Чамгүй их мөнгийг орон нутгийн малчдын сайн сайхны төлөө жил бүр зарцуулах болсноор 2009 онд үзэглэгдсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан шаардлагуудын нэг болох ус, нутгийг нь сүйрүүлсний хариуд орон нутгийн малчдад туслахгүй байна гэдэг шүүмжлэл дахин гарахгүй хэмээн найдаж байгаа гэлээ.
Өчигдөр Даландзадгадад уг тохиролцоог батласнаар Рио Тинто томоохон уурхайн төсөлд итгэлцлийг авчрах гэж хичээж буйн илрэл хэмээн “Ройтерс” агентлаг бичжээ.
Мөн тус нийтлэлд саяхан олон нийтэд танилцуулагдсан Сант Марал сангийн судалгаагаар Оюутолгойг хүчтэй шүүмжилдэг Монголын гурван улстөрчийн хоёр нь топ арван итгэл хүлээсэн хууль тогтоогчоор шалгарсныг дурджээ.
Рио Тинтогийн дээрх шийдвэрийг барууныхан итгэлцлийг бий болгох оролдлого хэмээн харж байгаа бол Монголын зүгээс “Эвлэрлийн гэрээ”-ний талархал хэмээн нэрлэж болно. Өөрөөр хэлбэл Рио Тинто олон саяын татварын асуудлыг нь шийдэж өгсний хариуд талархаж буйн илрэл юм.
Г.Үжин
www.24tsag.mn
Сэтгэгдэл (3)