Өөрсдийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээр эх орноо гадаадад сурталчилж буй баялаг бүтээгчдийн хүрээ өдрөөс өдөрт өргөжин нэмэгдсээр байна. Гадагшаа урсах их хөрөнгийг дотооддоо үлдээж, дотоодын хэрэглээг хангахаар ажиллаж буй баялаг бүтээгч “Монгол оймс” компанийг “Эерэг 24” танилцуулж байна.
Манай өнөөдрийн ээлжит дугаараар уншигч Та бүхэнд танилцуулж буй “Монгол оймс” компани нь оймс үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлээд зургаан жилийн нүүр үзжээ.
Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулах, монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр хэрэглэгчээ хангах, цаашлаад Монгол брэндийг гадаадад экспортлох их зорилт өмнөө тавьсан тэдэнд замын уртад тохиолдсон саад бэрхшээл мундахгүй. Гэвч өмнөө тавьсан зорилгоосоо няцаж, замын дундаас буцаагүй хичээн зүтгэсэн тэдний хөлс, хөдөлмөр талаар болсонгүй. Үйлдвэрлэл нь өнөөдөр нэгэнт “эрийн цээнд” хүрч Монголчуудын танил болоод амжиж. Үүгээр ч зогсохгүй Японы зах зээлд нийлүүлэхээр болсон нь баялаг бүтээгчдийн нэгэн амжилт боллоо.
2009 онд анх түүхийн хуудасаа эхлүүлсэн тус компанийнхан албан ёсоор үйл ажиллагаагаа явуулсан цагаасаа л чанартай бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхээр хичээж, гол зорилгоо болгосны хүчинд өнөөдрийн амжилтад хүрчээ.
Тэмээний ноос, ноолуур, сарлагийн хөөвөрөөр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ба зарим бүтээгдэхүүнээ БНСУ-ын стандартын шаардлага хангасан хөвөн даавуун утсаар ч хийдэг аж. Энэ нь хэрэглэгчдийн таашаалд нийцэж, эрэлт их байдаг болохыг тус компанийн захирал Ц.Отгонбаяр хэлж байсан. Тус байгууллага нь өдгөө “Гоёо” ХК болон “Эрдэнэт хивс” ХХК-ийн оймсыг захиалгаар үйлдвэрлэн нийлүүлдэг төдийгүй “Оюу толгой” ХК-ийн ханган нийлүүлэгчээр хамтран ажилладаг болохыг ч өгүүлсэн.
“Монгол оймс” ХХК нь Япон улсын “Takarajima japan” ХХК-тай хамтран ажиллах албан ёсны гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа. Тэд жил гаруйн өмнөөс хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд монгол оймсны эрэлт хэрэгцээ Японы зах зээлд өндөр байсан учир тэнд ийнхүү хамтран ажиллах гэрээг албан ёсоор хийж, баталгаажуулж байгаа юм байна. Ингэснээр “Монгол оймс” ХХК-ийн “Илч” брэнд Японы зэх зээлд албан ёсоор нийлүүлэгдэх, цаашлаад дэлхийн зах зээлд гарах үүд хаалга нээгдэж байгаа аж.
Гэрээнд гарын үсэг зурах уг арга хэмжээнд “Монгол оймс” ХХК-ийн захирал Ц.Отгонбаяр, “Takarajima japan” ХХК-ийн захирал Kazuhiro Osonoe болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Энэ үеэр Ц.Отгонбаяр захирал “Бидний хамтын ажиллагаа цаашид улам өргөжин тэлж, Монгол брэнд дэлхий дахинд танигдах үүд хаалга нээгдэж байгаад баяртай байна” хэмээсэн. Харин Kazuhiro Osonoe захирал “Бид “Монгол оймс” ХХК-тай хамтран ажиллаад нэлээд хугацааг үдэж байна. Энэ компанийн оймс үнэхээр чанартай, япончуудын хэрэгцээ шаарлагад 100 хувь нийцдэг болохоор манай байгуулага энэхүү хамтын ажиллагаагаа бэхжүүлж, албан ёсны болгож, гэрээнд гарын үсэг зурсандаа баяртай байна” хэмээн өөрийн сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Монголчуудын бүтээж буй баялаг дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай гэдгийг энэхүү арга хэмжээ харууллаа.
Гарын үсэг зурах ёслолын үеэр Монгол оймсны үйлдвэрийн байранд байрлах дэлгүүрээс худалдан авалт хийж буй Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн А.Юмжирмаа “Илч” оймсны талаарх санал сэтгэгдлээ бидэнтэй хуваалцлаа. Тэрбээр “Манай үндэсний үйлдвэрлэгч нар чанартай бүтээгдэхүүн хийдэг болсон. Тэр дундаа Монгол оймсны чанар үнэхээр сайн чийг татахгүй, дулаахан эдэлгээ удаантай гээд зөндөө олон давуу талтай. Тиймээс л би гэр бүлийнхээ гишүүдийн оймсыг бүгдийг нь эндээс ирж авдаг. Эдний оймсыг хоёр дахь жилдээ хэрэглэж байна” хэмээн сэтгэл хангалуун байгаагаа хуваалцсан юм.
Үнэхээр ч “Илч” оймсны чанар, өнгө үзэмж нь хэний ч сэтгэлд нийцэхээр харагдаж байсныг нуух юун. “Монгол оймс” ХХК нь хүүхдийн том хүний зузаан нимгэн, ноос, ноолууран түрийтэй, богино, спортын гээд олон төрлийн оймс үйлдвэрлэдэг юм билээ. Түүнчлэн иргэдийн захилгаар хэмжээ, загварыг нь гаргаж үйлдвэрлэж болно гэдгийг ч үйлдвэрийн менежер хэлж байлаа. Үндэснийхээ үйлдвэрлэлийг хөгжүүлэн, нийгмийн ухамсараа биелүүлэн олон хүнийг ажлыг байраар хангаж, дэлхийн зах зээлд Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулж байгаа тус үйлдвэрийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Эерэгээр холбоотой байя 24tsag.mn
Б.Батчимэг
Сэтгэгдэл (14)