Өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж Тавантолгойн гэрээний төслийн асуудлаар зөвшилцөлд хүрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Харин дөнгөж сая Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт УИХ-ын даргад Тавантолгойн төсөл буюу “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өргөн барилаа.
Тэрбээр энэ талаараа “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэхэд авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Өнгөрсөн өдрүүдэд жаахан үйл ойлголцол үүсч, эргэлзэж байсан асуудлууд гарсан. Ямар нэгэн хууль, тогтоолын төсөл өргөн барихаас өмнө УИХ-ын тамгын газар хянаж шалгадаг. Хуулийн дагуу 72 цагийн дотор хянаж шалгаад УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар зургаан төрлийн асуудал байна. Таван төрлийн материал нэмж өгч, нэгийг нь илүү ойлгомжтой болгож өгөөч гэсэн хүсэлт өнгөрсөн нэг дэхь өдөр Засгийн газарт ирүүлсэн. Үүний дагуу Засгийн газрын хуралдаанаар хоёр асуудлыг нь хэлэлцэн шийдвэрлэсэн. Ингээд материал бүрдсэн учраас өнөөдөр УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэхэд авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, Хөрөнгө оруулалтын гэрээний төслөөс гадна хөрөнгө оруулалтын гэрээний хавсралт материал болох ашиглалтын тусгай зөвшөөрөл, хамтран ажиллах гэрээ, хамтын ажиллагааны төлбөрийн тооцоолол, газартай холбоотой эрх, тооцооллын томъёо, Ухаа худаг Гашуунсухайтын төмөр замын концессын гэрээ, Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэхтэй холбоотой төсөв санхүүгийн зардлын тооцоо, төслийн талаар ТББ-уудаас ирсэн саналуудыг, Засгийн газрын 150, 151 дүгээр тогтоолуудыг нэмж өргөн мэдүүлсэн. Ирэх долоо хоногоос байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх болсон” гэв.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (19)