Нийслэлийн иргэдийн хурлын Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын байнгын хорооны баг бага дунд сургуулийн хоолны газар, үдийн цайны чанарын аюулгүй байдлыг шалгаж байна. Одоо үргэлжилж буй арга хэмжээ Нэгдүгээр сургуулийн гуанзнаас эхэллээ.
НИТХ-ын төлөөлөгч, Эрүүл мэнд Хүнсний аюулгүй байдлыг хангах дэд хорооны дарга Ж.Амарсанаа мэдээлэхдээ сургуулийн цайны газарт хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх олон амттан шимттэн худалдаалж буйг шүүмжилсэн байна. Тэрээр сурагчдад "Чингис хаан" энергийн ундааг худалдаалж байгааг хүртэл буруутгажээ.
Ж.Амарсанаа “Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуульдаа ямар хоол унд идэж байгаад анхаарал тавьдаггүй. Сургуульд нь даатгаад үлдээдэг. Иймээс тухайн сургууль сурагчдын хоол тэжээлээс гадна эрүүл мэндийн байдалд нь үүрэг хариуцлага хүлээн ажиллах ёстой байдаг. Хүүхэд өвдөх хоолны хордлогод орвол яах вэ гэдэг эрсдлийг үргэлж бодож ажиллах хэрэгтэй. Тухайлбал бидний шалгалт хийсэн цайны газрын тогооч нар хоол бэлтгэхдээ зориулалтын бээлийгүй, түргэн мууддаг зарим хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын дэглэм зөрчигдсөн байлаа. Мөн бага ангийн сурагчдад хэт чихэрлэг бүтээгдэхүүн, энергийн ундаа худалдаалж буй нь Эрүүл мэндийн сайдын тушаалыг зөрчиж байна” гэлээ.
Тэрээр эдгээр зурган дээрх төрлийн хүүхдэд эрүүл бус хоол хүнс зарж буйгаа сургууль, цэцэрлэгийн дарга нарыг огцруулна хэмээн мэдэгдсэн байна.
Ж.Амарсанаа "Нэг удаа сануулна. Хоёр дахь удаа гэж байх ёсгүй. Ийм юм зарж байгаад баригдвал дуусаа гэж ойлгоорой. Бас эцэг эхчүүд яаманд мэдэгдээрэй" хэмээн уриаллаа. Улсаас нэг хүүхдийн үдийн цайнд 600 төгрөг тусгадаг. Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн хувьд энэ мөнгөн дүнгээр нэг хүүхдэд 266,8 ккал илчлэг бүхий хоол олгодог байна. Энэ нь авбал зохих илчлэгийн хэмжээнээс бага байгааг албаныхан онцолж байлаа.
НИТХ-ын төлөөлөгч, Эрүүл мэнд Хүнсний аюулгүй байдлыг хангах дэд хорооны дарга Ж.Амарсанаа хориглохыг дурдсан бүтээгдэхүүнүүдэд:
- Nips, Twix, М&М, Bounty, Snickers, Чингис хаан энергийн ундаа, Маамуу шүүс, Резинэн чихэр зэрэг амттангууд болон хот дог, гамбургер мэтийн түргэн хоолууд багтжээ. Холбогдох албаныхан шалгалт дууссаны дараа нэгдсэн журмаар хориг журам батлах аж.
Г.Үжин
www.24tsag.mn
Сэтгэгдэл (3)