МХЕГ-ын facebook хаягаар хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүний талаар нэгэн хэрэглэгчээс ирүүлсэн мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгалт хийжээ. Энэ сарын 10-ны өдөр “Оргил супермаркет”-аас худалдаж авсан “Бамбууш” компанийн “Корица” нэрийн гурилан бүтээгдэхүүн 2015 оны 4-р сарын 11 өдөр үйлдвэрлэгдсэн гэсэн тэмдэглэгээтэй байсныг худалдан авагч ийнхүү мэдээлсэн юм.
Тус бүтээгдэхүүнийг 10-ны өдөр үйлдвэрлэсэн бөгөөд, цехийн дарга, борлуулалтын менежер зөрчил дутагдлаа хүлээж, цаашид бүтээгдэхүүнд тавигдах дотоодын хяналтаа сайжруулахаар болжээ. Компанийн буруутай үйлдэлд холбогдох хууль, дүрэм, стандартын дагуу торгуулийн арга хэмжээ авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байдаг.
Тэгвэл дахин ирээдүйгээс ирсэн бүтээгдэхүүн олныг гайхшруулаад авлаа. Энэ бүхэн өмнө нь байдаг бас нь эсвэл үйлдвэрүүд сүүлийн үед ийм алдаа гаргаж эхэлсэн үү гэдэг олны анхаарлыг татаж байна. Хэдхэн хормын өмнө л гэхэд Жин туул гэх гурилан бүтээгдэхүүн худалдаж авсан иргэн он сарыг нь "маргааш" болохыг анзаарчээ.
Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн хугацаа гэдэг нь хүнсний түүхий эдийг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн огноо юм. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүнийхээ хаяг, шошгололтод анхаарч, хууль, дүрэм журам, стандартаа мөрдөж ажилласнаар иргэд эрүүл, чанартай, найдвартай бүтээгдэхүүн хэрэглэхэд чухал нөлөөтэй.
Д.Ундрах /24tsag.mn/