ОХУ-ын зүүн хэсэгт шинээр баригдаж буй Үндэсний сансрын төвийн барилгын ажилчид өлсгөлөн зарлажээ. Тэдгээр ажилчид дөрвөн сарын хугацаанд цалингүй ажилласан бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин цалинг нь нөхөж олгоно хэмээн амласныг үл тоон эсэргүүцлийн хурц хэлбэрт шилжсэн байна.
Нийт ажилчдын 20 хувь нь өслгөлөнд нэгдсэн гэлээ. Ийнхүү ажилчид нь өлсгөлөн зарласнаар 9 тэрбумын өртгөөр босч буй Восточний космодромын төсөл аюулд орлоо хэмээн барууны хэвлэлд бичжээ.
Барилгын гүйцэтгэгч компанийн ажилчид лхагва гарагт захиралдаа гомдол гаргасан бөгөөд сүүлийн саруудад цалингаа аваагүйгээс гэр бүл нь хүнд нөхцөлд орсноос гадна өөрсдөө мөнгөгүй учраас хотоос хол орших барилгын газраас холдож чадахгүйд хүрлээ хэмээн учирлажээ. Тиймээс өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарласан байна.
Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт сансар судлалын төвийн барилгын ажилтай танилцаж, барилгачдын цалинг өгнө хэмээн амласан ч өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй аж. Ерөнхийлөгчийг уламжлалт ёсоор ард түмэнтэй нээлттэй ярилцах үед уг асуудал хөндөгдсөнөөр Владимир Путин барилгын газарт биеэр очиж нөхцөл байдалтай танилцсан юм.
Зүүн Украины хямралын асуудлаар ОХУ-д эдийн засгийн хориг тавьснаар тус улсын эдийн засгийн нөхцөл байдал тааруу байгаа юм. Дөрөвдүгээр сарын нэгний өдрийн мэдээллээр Орос даяар 2.95 тэрбум рублийн цалин тавигдалгүй хугацаа хоцрон хүлээгдэж байгаа юм.
Өмнө нь Моксва хотод цөөн тооны эмч нар ажлын нөхцөл болон цомхотгол хийхийг эсэргүүцэн жагссан билээ. Мөн Урал дахь Качканар үйлдвэрийн ажилчид өнгөрсөн сард ажил хаясан юм. Гэвч тэдний хэн ч өслгөлөн зарлатлаа хүнд хэлбэрт шилжээгүй билээ.
Д.Идэр
www.24tsag.mn
Сэтгэгдэл (3)