Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Хятадын Ерөнхийлөгч Ши Жинпин нар Индонезид болж буй олон улсын чуулга уулзалтын үеэр уулзалджээ.
Газар нутгийн маргаантай Азийн “дайсан” орнуудын төрийн тэргүүдийн уулзалт дипломат харилцаагаа сайжруулахын бэлэг тэмдэг боллоо хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Хэвлэлийнхэнд хаалттай болсон уулзалт хагас цаг орчим хугацаанд үргэлжилжээ.
Уулзалтын дараа Шинзо Абэ сэтгүүлчдэд мэдээлэхдээ “Хоёр орон харилцаагаа сайжруулж, олон талт стратегийн ач холбогдол бүхий харилцааг бий болгох замаар бүс нутгийн тогтвортой байдалд хувь нэмрээ оруулна хэмээн тохиролцсон” гэжээ. Харин Ши Жинпин уулзалтын талаар ямар нэгэн албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.
Индонезид болж буй Ази-Африкын орнуудын чуулга уулзалтын үеэр Шинзо Абэ далд утгаар Хятадын шүүмжилсэн илтгэл тавьсан юм. Тэрээр хүчирхэг орнууд буурай орнуудад бодлогоо тулгах явдлыг эсэргүүцэж буйгаа хурцаар анхааруулжээ. Гэсэн хэдий ч Японы Ерөнхий сайдыг эвгүй илтгэл тэдний уулзалтад саад болсонгүй хэмээн олон улсын ажиглагчид дүгнэсэн байна.
Хоёр том үндэстэн түүхэндээ бас өнөө үед олон асуудлаар сөргөлддөг. Зүүн Хятадын тэнгисийн арлуудын маргаан болон Японы цэргийн эзлэн түрэмгийлэл гэх олон томоохон үйл явдлууд хоёр орны харилцааг хөндийрөхөд хүргэсэн билээ.
Индонезийн нийслэл Жакарта хотод Ази-Африкын орнуудын удирдагчид колоничлолыг эсэргүүцэх чуулга уулзалтад оролцож байгаа юм.
Д.Идэр