Манайд уран олборлодог Канадын “Хан Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Жим Доак монголд амиа алдсан нь багагүй шуугиан тариад байна. 60 настай Жим Доакын цогцсыг өчигдөр өглөө "Bluesky" зочид буудлын өрөөнөөс нь олсон юм.
Энэ талаар дөнгөж сая ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү мэдээлэл хийлээ.
Тэрбээр “2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр 08.40 цагт Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах "Bluesky" зочид буудалд хүн нас барсан байна гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг шалгалтын ажиллагааг хийсэн.
Ингэхэд уг буудлын 16 давхрын ... тоотод байрлаж байсан Канад улсын иргэн Жим Доак Чарльз гэх 60 настай иргэн гаднаа ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байсан. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн анхан шатны дүгнэлтээр гадны ямар нэг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсан. Өчигдөр шүүх эмнэлгийн задлан шилжилгээнд оруулсан. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хүрээлэнгээс урьдчилсан байдлаар өвчний улмаас нас барсан гэх мэдээллийг өглөө.
Эцсийн дүгнэлт хараахан гарах болоогүй бөгөөд нарийн шинжилгээний дүн 14 хоногийн дараа гарах аж.
Талийгаач Монгол Улсад 2015 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр ирсэн. Ямар хэргээр ирсэн нь тухайн хувь хүний нууцад хамаарах зүйл учир мөн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)