Өнөөдөр Монгол Улсын “Генералуудын өдөр” тохиож байна. Анх 1944 оны 4 дүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал цол, есөн офицерт хошууч генерал цол олгож байжээ.
Тэгвэл Монгол Улсад генерал цол бий болсны 71-н жилийн ойн баяр, "Монгол генералуудын өдөр"-ийн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааний нээлт Чингисийн талбайд боллоо. Генералуудын баярын өдрийн арга хэмжээг хүчний байгууллагууд жил бүр ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд энэ жил ЦЕГ хариуцаж байна.
Генералуудын өдрийн арга хэмжээний хүрээнд өнөөдөр Сүхбаатарын хөшөө, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх "Цагдаа" цогцолбор танилцуулах, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг харуулсан зэвсэг, техник хэрэгслийн үзэсгэлэн, алба хаагчдын үзүүлэх тоглолтыг сонирхуулсан юм.
Энэ үеэр хэд хэдэн генералаас өнөөдрийн арга хэмжээний талаарх сэтгэгдлийг нь сонслоо.
-Таныг Шүүхийн шийдвэр биелүүлэх газраас 60 жилийн түүхэнд хамгийн анхны генерал болж төрж гарч байсан, булган сүүлтэй хошууч, генерал гэдэг. Өнөөдрийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Маш өндөр сайхан сэтгэгдэлтэй байна. Арга хэмжээ их өргөн болж, бүр тэнгэр хүртэл тэтгэж, ийм сайхан үзүүлбэрийг чөлөөтэй сайхан үзүүллээ. Бидэнд ингэж сайхан үйлчилсэн цагдаагийн хамт олонд баяр хүргье. Би 1981 онд анх удаа Шүүхийн шийдвэр биелүүлэх газар ажиллаж байхдаа генерал цол хүртсэн. Тухайн үед Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудын удирдах газар гэж байлаа. Би тэр газрын анхны генерал. Надаас хойш дөрвөн генерал төрсөн. Би өөрийгөө их булган сүүлтэй гэж боддог шүү.
-Монгол улсынхаа хэд дэх генерал вэ?
-Би Батлан хамгаалах яамны генерал. Генерал цолыг аваад 40 гаруй жил болж байна. Яамны төвд аппаратад 50 гаруй жил ажилласан. Батлан хамгаалах яам бол өөрийнхөө генералуудад үргэлж анхаарал тавьж, хүндэтгэл үзүүлж, ажиллах урам зоригтой болгодог сайн байгууллага. Тиймээс бид энэ яамаа шүтэж, баярлаж, аль болох сайн сайхнаар ажиллахаар хичээдэг билээ.
-Генералуудын өдрийн сэтгэгдэл ямар байна?
-Генерал цол төрүүлдэг хууль хяналтын байгууллагууд энэ арга хэмжээг ээлжилж тэмдэглэдэг. Энэ удаагийнхыг цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байна. Ноднин Батлан хамгаалах яам зохион байгуулж байсан. Шинээр төрсөн генералуудаа Генералуудын холбооноос албан ёсоор бүртгэж, элсүүлдэг ёслол болдог. Гурван шинэ генерал төрлөө. Ирэх жил Тагнуул, Онцгой байдлын газар баяраа тэмдэглэх байх. Одоо 168 генералаас 80 орчим нь амьд сэрүүн байгаа. Энд зарим генерал биеийн байдал, ажил төрлийн байдлаасаа болоод ирээгүй байна.
Би цагдаагаас төрсөн 14 дэх генерал. Улсынхаа хувьд 159 дэх генерал.
-Хэдэн онд генерал цол хүртэж байв. Өнөөдрийн арга хэмжээний сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-1984 онд генерал цол хүртсэн. 96 дахь генерал болсон. Сүүлийн үед Генерал төв байгуулагдаж энэ төвийн шугамаар байгууллагууд ээлжлэн сайхан арга хэмжээ зохион байгуулдаг болсон. Бид бүгд баярлаж байна. Насныхаа тэтгэвэрт гарсан өндөр настай генералууд, өнөөдөр ажил төрлөө хийж яваа залуухан генералууд, тэдний гэр бүл үр хүүхэд энэхүү арга хэмжээнд оролцдог уламжлал тогтоод байна. Өнөөдөр ЦЕГ-аас ийм сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаад баяртай байна. Цагдаагийн алба хаагчдын хийж гүйцэтгэдэг онцгой ажлууд, онцгой үүрэг даалгавар хэрэгжүүлдэг багаж төхөөрөмж зэргийг Монгол Улсын генералуудад танилцуулсан онцгой үйл явдал болж байна.
Монгол улсын генералуудын түүхэн цадигаас сонирхолтой баримтуудыг дурдвал, тэдний дунд улсын маршал 3, армийн генерал 2, хурандаа генерал 8, дэслэгч генерал 18, хошууч генерал 107, бригадын генерал цолтон 28 төрсөн байдаг.
Хамгийн өндөр настан нь чөлөөнд байгаа хошууч генерал Т.Алтангэрэл 96 настай бол хамгийн залуу нь Мотобуудлагын тусгай бригадын захирагч, бригадын генерал, 38 настай Л.Онцгойбаяр ажээ. Дашрамд дурдахад, маршал Ю.Цэдэнбал 1944 онд 28 настайдаа генерал болж байв.
Генералуудаас Улсын их хурал, Засгийн газрын гишүүн, сайд, дэд сайд зэрэг төрийн дээд албан тушаал хашсан 14 хүн байдаг.
1939 оны Халхын гол, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон генерал бол Т.Алтангэрэл гуай юм байна. Завхан аймгаас хамгийн олон генерал буюу 18 алтан мөрдөстөн төрсөн байдаг. Генералын хүүхдүүдээс офицер олноор төрсөн ч генералын хүү генерал болсон нь хурандаа генерал Б.Цогийн хүү хошууч генерал, техникийн шинжлэх ухааны доктор Ц.Геннадий ажээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)