Өнгөрсөн долоо хоногт АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар "МАН-ыг Засгийн газраас гарахыг шаардаж" байгаагаа олон нийтэд зарлав. Үүний дараахан АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр "МАН-аас шаардаж байна" хэмээн бас л хэвлэлийн бага хурал хийв. Тэрээр "АН парламентад суудалтай бүх намуудтай хамтран Засгийн газраа байгуулж, ажиллаж байгаа. Энэ хугацаанд АН-аас албан ёсоор улс төрийн намуудын талаар байр сууриа илэрхийлээгүй өнөөдрийг хүрсэн. Засгийн газраа хамтран байгуулсан олон намын дотроос МАН-д хандаж төрийн жинхэнэ албан хаагчдыг хоморголон халж байгаа хууль бус ажиллагаагаа таслан зогсоохыг шаардаж байна. Шалтгаангүйгээр төрийн албан хаагчдыг хомроголон халах асуудал Хөдөлмөрийн яам, БХБЯ, ЗТЯ, БОНХАЖЯ, МХЕГ, ОБЕГ-т хавтгайраад байна" гэсэн мэдэгдэл хийв.
Энэ бүхнээс дүгнэж үзвэл АН-ын удирдлагууд өөрсдийн "гарын хүмүүс"-ээр МАН-ыг Засгийн газраасаа хөөлгөх ажлыг хийлгэж эхлүүллээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр МАН-аас томилогдсон бараг бүх сайдуудын эсрэг үг хэлж байна. Дээр нь хоёр гол агентлагыг нэрлэж байгаад "шаардах" ажиллагаагаа эхлүүлэв.
Тэр ч бүү хэл МАН-ын сайд нарыг ээлж дараалан огцоруулах бэлтгэл хангаж байгаагаа АН-ын генсек зарлав. Тухайлбал Л.Эрхэмбаяр "Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Хөдөлмөрийн сайд С.Чинзориг сайдыг огцоруулах асуудлыг УИХ-ын гишүүдээрээ дамжуулан өргөн барина" гэдгээ мэдэгдэв. Түүний мэдэгдэл үнэн байлаа. Учир нь ирэх долоо хоногийн гуравдахь өдөр Өргөдлийн байнгын хороогоор МАН-аас томилогдсон С.Чинзориг, Д.Оюунхорол гэсэн сайдуудыг дуудан АН-ын хүмүүсийг яагаад халсан талаарх нээлттэй сонсгол хийнэ гэдгээ УИХ-ын хэлэлцэх асуудлын хувиарт оруулаад ирлээ. Энэхүү нээлттэй сонсголоор С.Чинзориг, Д.Оюунхорол хоёрыг будаа болгох бэлтгэл хангагдсан гэж АН дахь эх сурвалж мэдээлэв. Мөн дараагийн долоо хоногт БХБ-ын сайд Д.Цогтбаатар, ЗТ-ийн сайд Н.Төмөрхүү хоёрыг нээлттэй сонсголд оруулах төлөвлөгөө хийгдсэн гэж эх сурвалж мэдээлэв. Энэ бүхнээс дүгнэж харвал МАН-ын сайд нарыг "шонд дүүжлэх" ажиллагаа эхэлжээ.
Сонирхолтой нь МАН-ынхан таг чиг.
МАН-ынханы "Өр нэмбэл Засгаас гарна", "Эдийн засгаа сэргээхгүй бол засгаас гарна", "Бодлого хэрэгжихгүй бол засгаас гарна", "Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол засгаас гарна" гэх мэт сүржин мэдэгдэлүүд нь бүгд худлаа болов. АН-ын удирдлагуудад нь битгий хэл Т.Хасбаатар мэтийн жирийн гишүүдэд нь МАН-ынхан доромжлуулаад Засгийн газрынх нь хатавчинд суудаг боллоо.
Т.Хулан
Сэтгэгдэл (13)