-Орох оронгүй болсон 178 иргэн зочид буудалд толгой хорогдож байна-
Энэ сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 айлын 12 давхар орон сууц хэзээ ч нурж болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдалд орсон юм. Тус байрны ойр хавийн газрыг барилга угсралтын “БИ ЖИ БИ ЖИ” гэх компани ухахдаа үерийн даланг сэтэлж тус байрны суурийн хэсгийг хөндсөн учраас 16 дугаар байрны даацын хавтан цуурч барилгад ан цав үүсч эхэлжээ.
Байрны иргэд гомдол гаргасны мөрөөр холбогдох байгууллагууд уг зөрчилтэй газар дээр нь танилцан улмаар, 15 цагийн үед Нийслэлийн онцгой комисс хуралдан БГД-ийн 14-р хороо, 16-р байрны иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан юм. Үүний дагуу 22.00 цагаас эхлэн тус байрны оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлж дуусаад 22.55 цагийн үед тус байрны тог цахилгааныг таслан цагдаагийнханд хамгаалалтанд авлаа.
Тус байрны иргэдийн хэлж байгаагаар өнгөрсөн жил л энэ хавийн газрыг хашиж ухаж эхэлсэн. Өвөл түр зогсоод дулаарч эхэлснээс хойш дахин ухаж эхэлсэн нь ийм байдалд хүргэлээ гэсэн мэдээллийг өглөө. Мөн тус компанийн захирал нь “Барилгын суурийн хэсгийг ухахдаа үеийн хавтанг хөндөхгүй. Хөндсөн тохиолдолд манай үйл ажиллагааг зогсоож болно” гэсэн бичиг үйлдэн өөрийн утас, регистрийн дугаараар баталгаажуулсан боловч эцсийн дүнд байдал өөрөөр эргэж тус байрны 240 гаруй оршин суугч орох оронгүй боллоо, цаашид хаана амьдрахаа мэдэхгүй байна гэж байлаа. Мөн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл болон бусад зөвшөөрөл олгосон байгууллага нь гомдол, хүсэлт гаргасаар байхад холбогдох зөвшөөрлийг хүчингүй болгохгүй байгаад харамсаж байна” гэсэн юм.
48 айлын 240 гаруй хүний амь насыг эрсдэлд оруулсан "БИ ЖИ БИ ЖИ” компанийн захирлыг У.Ганбат гэдэг аж. 16 дугаар орон сууцны зүүн талд барилгын ажил гүйцэтгэх нэрийдлээр нүх ухсан “Би Жи Би Жи” компанид газар эзэмших эрх хэрхэн олгосон тухайд:
Анх 1998 онд Нийслэлийн Засаг даргын А/117 дугаар захирамжаар “Хэмнэлт-Орчлон” ХЭАА-д 2000 м2 гаражийн барилгын зориулалтаар газар эзэмших эрх олгож, тус газар гаражийн барилга барьж иргэдэд худалджээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Т.Билэгтийн 2008 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 349 дүгээр захирамжаар “Эн Эс Ар” ХХК-д гараж, үйлчилгээний зориулалтаар 3000 м2 газар олгож, тус оны 565 дугаар захирамжаар “Би Жи Би Жи” ХХК-д нэр шилжүүлсэн байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярын 2011 оны 06 сарын 16-ны өдрийн НЗД-ын 470 тоот эзмшил газрын зориулалт өөрчилж, барилга барих захирамжаар 1000 м2 газарт үйлчилгээтэй орон сууц барих эрх олгожээ. Тус газрын эзэмших эрхийг 2014 оны 115 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатайгаар сунгасан байна.
Харин тус компанид барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 29/2014 дүгээр тушаалаар олгожээ.
Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл олгосон нь Нийслэлийн ИТХ-ын 2014 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын холбогдох заалтуудыг зөрчсөн бөгөөд НЗД-ын захирамжаар эзэмшүүлсэн газрын хэмжээ, заагдсан барилгын шугамын хэмжээнээс хэтрүүлэн нүх ухсан нь өнөөдрийн нөхцөл байдлыг бий болгожээ.
У.Ганбат: Манай компани холбогдох бүх зардлыг гаргана
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар орон сууцанд үүссэн нөхцөл байдлын талаар өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан юм.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 давхар орон сууцны 16 дугаар байранд амьдардаг 49 өрхийн 244 иргэнийг Засгийн газрын 2011 оны 340 дугаар тогтоолын дагуу нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг зохион байгуулж, тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй зургаан зочид буудалд нийт 178 иргэнийг байрлуулсан байна. Одоогийн байдлаар Нийслэлийн Онцгой байдлын комиссын даргын тушаалаар шаардагдах зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргажээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 13 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа бөгөөд урьдчилан гаргасан дүгнэлтээр 16 дугаар орон сууцны зүүн талд нүх ухсан нь тус барилгад ямар нэгэн хазайлт үүсгээгүй. Харин тус байр нь баруун тийшээ буюу нүх ухсан талын эсрэг чиглэлд дөрвөн см-ийн хазайлттай байгаа нь анхнаасаа ингэж баригдсан эсвэл ашиглалтын явцад хазайсан уу гэдгийг тогтоох боломжгүй. Одоогоор тус байрны хөрсөнд бэхэлгээ, хүчитгэлийг яаралтай хийсний дараа оршин суугчдыг орон сууцанд нь оруулах боломжтой болно гэжээ. Мэргэжлийн байгууллагын тус дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгээс ажлын зургийн даалгаврыг боловсруулах ажлыг хийж, гүйцэтгэж байгаа аж.
Хуралдаанд оролцсон “Би Жи Би Жи” ХХК-ийн менежер У.Ганбат үүссэн нөхцөл байдалд тус компанийн зүгээс хариуцлага хүлээж, холбогдох бүх зардлыг гаргана гэдгээ хэллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хууль, дүрэм, журам зөрчсөн газрыг төрийн байгууллагууд хаацайлсаар нэг нь үүрэг өгч, нөгөөх нь зөрчдөг, тэр үйлдлийг хяналтын газар нь мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрдөг нөгөө л нэг байдал яг энэ асуудал дээр бодитоор харагдаж байна. Тиймээс иргэдийг сэтгэл санаа, эд материалаар хохирооход хүргэсэн эрх бүхий албан тушаалтнуудыг тогтоож хариуцлага тооцно” гэлээ.
Сэтгэгдэл (3)