Энэ сарын эхний 15 хоногийн хугацаанд манай улс181.7 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолсон бол 391.8 сая ам.долларын барааг гаднаас худалдан авчээ.
Ингэснээр Монгол Улс гадаад худалдаанаас 210 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна.
Харин нэгдүгээр улирлыг оруулан тооцвол Монгол Улс 1.2 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолж, 1.1 орчим тэрбум ам.долларын импорт хийжээ. Эдгээрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспорт дөрвөн хувиар өссөн бол импорт 30.6 хувиар буурчээ.
Үүний зэрэгцээ Монгол Банкны туршилтаар тооцдог гадаад худалдааны нөхцлийн индекс өнгөрсөн сард 1.509 нэгж болж өмнөх сараас зургаан хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 17.5 хувиар буурсан байна.
Гадаад худалдааны нөхцөл муудахад импортын үнийн индекс 9.4 хувиар, экспортын үнийн индекс илүү өндөр буюу 25.2 хувиар буурсан нь гол нөлөө үзүүлсэн байна. Экспортын орлогын тал хувийг бүрдүүлдэг зэсийн баяжмал, түүхий нефтийн хилийн дундаж үнийн бууралт экспортын үнийн индекс сулрах шалтгаан болсон талаар Монголбанкнаас мэдээллээ.Харин удаан эдэлгээтэй хэрэглээтэй бараа, тоног төхөөрөмж, нефтийн бүтээгдэхүүний үнэ хямдарчээ.