Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, Урлаг, биеийн тамирын сургууль, Багшийн сургууль, Математик, байгалийн ухааны сургууль, Боловсрол судлалын сургуулийн багш, оюутнууд Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгуудад хандив өргөлөө.
Иргэд, малчдад туслах хандивын “Сэтгэлийн дуудлага” аяныг 2015 оны 04 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд өрнүүлсэн байна.
Аяны хүрээнд нийт 324800 / гурван зуун хорин дөрвөн мянган төгрөг найман зуу/ төгрөг цугларсныг монгол хэл уран зохиолын 2б ангийн Б.Отгончимэг, Ч.Цэрэнчимэг, Б.Даваабаяр, С.Бямбацэцэг нар Нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагад хүлээлгэн өглөө.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Д.Батсайхан хандивыг хүлээн авах үеэр хэлсэн үгэндээ ” Хээрийн түймрийн хүнд нөхцөл байдалд байгаа зүүн аймгуудын иргэддээ сэтгэлийн нэмэр хандив өргөж байгаа МУБИС-ийн нийт багш, оюутан, ажилтан албан хаагчиддаа талархаж байна. Та бүхний хандивыг бид яаралтай хүргүүлэх болно. Сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэе” гэж байлаа.
Хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын албаны болон зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, орон нутгийн иргэд ажиллаж байна.