Долоо дордож найм сэхнэ гэдэг үгийн биелэл Ардчилсан намын удирдлагуудад тохиогоод байна. Тус намын гай, гавъяа хоёрыг зэрэгцүүлэн үүрсэн дарга бол яах аргагүй Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Тэрбээр АН-ын түүхэнд байгаагүй дараалсан ялалтуудыг авчирсан гавъяатай. Түүнийг тус намын даргаар ажиллах хугацаанд АН анх удаа 2012 оны УИХ-д хамгийн олон суудалтай болсон. Мөн орон нутгийн сонгуульд таваас бусад бүх аймагт анх удаа ялалт байгуулсан. Цаашлаад АН-ын Ерөнхийлөгч улиран сонгогдсон гээд 4 дараалсан ялалтыг намдаа авчирсан юм. Энэ нь АН түүхэндээ анх удаа “гэрлийн хурдаар” дараалсан ялалтуудыг авсан үе.
Харин нөхөн сонгуулийн тухайд 2013 оны 1 дүгээр сард болсон Говь-Алтайн дахин сонгуульд 5 тойрогт АН-ын нэр дэвшигч ялалт байгуулж байв. Тус аймагт АН тийм ч амар хялбар ялалт байгуулаагүй. Яагаад гэвэл тэр чигээрээ “Улаан” болсон аймаг. Өөрөөр хэлбэл МАН-ын үнэнч “фенүүд” ч гэж болохоор дүн сонгууль болгоноор гардаг гэдэгтэй маргахын аргагүй. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд ч МАН /хуучнаар МАХН/-ынх л байдаг. Ийм тойрогт нөхөн сонгуулиар 5 тойрогт ялна гэдэг бол АН-ын том амжилтуудын нэг яах аргагүй мөн.
Гэтэл ялалтын буухиа тасарч шинэ дарга нар анхны ялагдлаа өнгөрсөн долоо хоногт хүлээлээ. Тус намын удирдлагууд солигдсоноос хойш анхныхаа сонгуулийн үр дүнг үзэж байгаа нь энэ шүү дээ.
Маргахын аргагүй ялагдал. “Төмөр зам”-ын I хэсэгт МАН-ын нэр дэвшигч 59,7 хувь, “Дэнж”-ийн II хэсэгт 56 хувь, “Хонхор”-ын III хэсэгт 64 хувь, “Малх”-ын VI хэсэгт 64 хувиар тус тус ялалт байгуулан, ялалтаа ч ам бардам зарласан. Сонгуульд 3435 хүн 12 нэр дэвшигчид санал өгснөөс МАН-аас нэр дэвшигчид хамгийн олон санал буюу 70 орчим хувийн саналыг авчээ. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Гэтэл АН-ын удирдлага болон хоёр “Э”-ийн гараа буюу анхны сонгуулийн үр дүн ингэж л гарлаа.
Саяхан даа, тус намын гишүүд намын даргаа шүүмжилж “АН-ын хэвийн үйл ажиллагаа алдагдаж шат шатандаа зогсонги байдалд орлоо. Үйл ажиллагаагаа идэвхжүүлж, унтаа байдалтай байгаа намаа сэрээ” хэмээн сануулсан. Энэ “Сэрээх” сануулга яалт ч үгүй дутагдаж, нам унтаа байдалд орж, үйл ажиллагаа нь зогсонгишсон гэдэг нь ч дээрх сонгуулийн дүнгээр батлагдлаа.
Намын ЕНБД-ын сэтгэл зүтгэл ч үүнд хамгийн ихээр хамаарна. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Говь-Алтай аймагт болсон УИХ болон орон нутгийн сонгуульд дан ганц МАН ялж байсан үзэгдлийг өөрчилж чадсан нь тухайн үеийн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай салшгүй холбоотой юм шүү. Говь-Алтай аймагт дахин сонгууль зарлагдсаны дараа Ардчилсан намаас тухайн үед ЕНБД-аар ажиллаж байсан Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, Т.Мягмарсүрэн, Ж.Батсуурь, Д.Анхбаяр нар тус аймгийг зорьж, орон нутагт ажиллаж байлаа.
Харин энэ удаа Л.Эрхэмбаяр Говь-Сүмбэрт очиж ажилласныг гэрчлэх нэг ч баримт алга. Гэтэл “Энэ сонгууль АН-д тавих дүн боллоо. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгийн ерөнхий төсөөлөл, дүр зураг Говь-Сүмбэрээс гарч ирлээ. АН-ын ялагдлын буухиа эхэллээ” гэх яриа сөрөг хүчнээс эхлээд нийгэм даяар тарж эхэллээ. Муу мэдээ модон улаатай гэдэг. Магад 2016 оны сонгуульд хоёр “Э”-гийн хоршил ийм дүн үзүүлэх юм биш байгаа даа.
Уг нь АН-ын экс дарга Н.Алтанхуяг ажлаа өгөхдөө “Эв эеийг хичээж амжилтын буухиаг үргэжлүүлж яваарай” гэж захьсан санагдах юм.
Гэтэл өдгөө АН юун эв эеийг хичээхтэй манатай. Хэдэн хэсэг болон хуваагдаж, дотроо “байлдан” нэг нэгнийгээ дэгээдсээр өнөөрийг хүрч байна. Бас мөнхөөн “Амжилтын буухиа” нь ч “Ялагдлын буухиа” болж магадгүй дээрээ тулаад байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (29)