УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Тус зөвлөл өнөөдөр хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар ярилцсан байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ үеэр “Тавантолгойн гэрээний төслийг түргэвчилсэн горимоор хэлэлцэх боломжгүй. Тавантолгойг ашиггүй ажилласан мэтээр ярьж байгаа. Гэтэл энэ компани Хятад руу гаргаж буй нүүрсийн 40 хувийг нийлүүлсэн байгаа юм. Ер нь ашиггүй ажилласан мэтээр ярьж бичиж байгаад хувьчилж авдаг жишиг манай нийгэмд байх шиг байгаа юм. Тавантолгойн болон хөрөнгө оруулагч компаниудтай холбоотой хэд, хэдэн асуудлыг дахин нягтлах шаардлагатай” гэсэн юм.
Мөн тэрбээр Оюутолгойн үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь зөв. Гэхдээ харилцан ашигтай нөхцлийг бид шаардаж байна. 100 төгрөгийн борлуулалтын орлогоос 5 төгрөгийг авч үлддэг төсөл байгаасай гэж бид хүсээгүй. Эхний хөрөнгө оруулалтын үр дүнг тооцох, алдаа байвал баримт нэг бүртэй нь танилцах, Засгийн газар үүнд нь ямар дүгнэлт хийж, алдаагаа засч залруулж байгаатай танилцана. Алдаа гарсан бол Уул уурхайн сайдаас эхлээд Засгийн газарт хариуцлага тооцох хүртэлх асуудлыг хөндөнө гэв.
Түүнчлэн Бие даагч гишүүд “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжихээр болжээ. Уг тогтоолд намын нөлөөлөлгүйгээр өндөр албан тушаалтныг томилно гэх мэтээр заасан байна. Гэхдээ өмнөх хөтөлбөрүүд шиг хэрэгждэггүй хөтөлбөр болчих вий хэмээн болгоомжилж байн гэв. Үүний зэрэгцээ Худалдааны тухай хуулийг дэмжихээ тэд илэрхийлээ. Харин хүнсний худалдаа, түүн дотроо хүнсний гадаад худалдааг зөвхөн онцгой эрхтэй компанид өгч, хяналттай байлгах нь хүнсний аюулгүй байдлыг хангахад дөхөм болно гэж үзжээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн татварын маргаантай асуудлаас болоод ТЕГ-ын 6 байцаагч ажилгүй буюу зарим нь орон нутаг шилжиж ажиллаж буй тухай асуудлыг холбогдох байнгын хорооны хуралдаанд танилцуулна гэлээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)