УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, дараа нь сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга С.Бямбацогт “Энэ долоо хоногийн Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороон дээр Нийгмийн бодлогын үндэсний зөвлөлийн тайлан хэлэлцэхээр байгаа. Мөн өнгөрсөн долоо хоногт нийгмийн даатгал, тэтгэвэртэй холбоотой асуудлууд хөндөгдсөн. МАН-ын бүлэг цалин тэтгэвэрийг нэмүү өртөгтэй уялдуулж жил бүр нэмэгдүүлэх, малчдын тэтгэврийн насыг наашлуулах, нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, ахмадуудын тэтгэрийн зээлийн хүүг бууруулах гэх мэт хуулийн төслийг өргөн барьсан. Харамсалтай нь хэлэлцэхгүй байна. УИХ-ын дарга улстөржих ёсгүй. Гэвч зарим хуулийн төслийг оочёр дараалал харгалзахгүй хэлэлцдэг, зарим хуулийн төслийг хэдэн сар жилээр дардаг. УИХ-ын дарга бол нэг намын дарга бус, хууль тогтоох байгууллагыг удирддаг тул улстөржих шаардлагагүй гэдэг шаардлага тавих болно" гэлээ. Мөн маргааш Нийгмийн бодлогын үндэсний зөвлөлийн тайлан дээр тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулах байнгын хорооны тогтоолыг гаргуулах тухай асуудал дэвшүүлнэ” гэв.
Ер нь МАН-ын бүлэг санаачилсан хуулийн төслүүдээ хэлэлцүүлэх асуудлаар нилээн шахаж ажиллахаар болжээ. Уг асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт ч хүргэхээр болсон байна.
Мөн МАН-ын бүлэг Татварын багц хуулийн талаар хэлэлцсэн байна. “Урьд нь МАН эрх барьж байх үедээ татварын ачааллыг бууруулах чиглэлээр томоохон өөрчлөлт хийж байсан. Эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, олон улсын нийтлэг зарчмыг бий болгох, татварын ачааллыг бууруулах хуулийг өргөн барьсан байсан" гэлээ.
Тодруулбал, Засгийн газраас өргөн мэдүүлэхээр зэхээд байгаа татварын 11 хуулийн төслийн 4-5 нь өмнөх парламентын үед буюу МАН-ын олонхи байхдаа, мөн цөөнх болсны дараа өргөн мэдүүлсэн төсөл багтаж байгаа аж. Тухайлбал, НӨАТ-ын босгыг өндөрсгөх, 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 1 хувь болгох, одоо 10 хувь байгаа аж. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 142 мянга байсныг 195.500 болгосон. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр авч байгаа цалинг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн барьсан ч УИХ өнөөдрийг хүртэл хэлэлцэхгүй байгаа аж.
Өнөөдөр нам эвслийн бүлгүүд Тавантолгойн асуудлаар хэлэлцэж байна. Харин МАН-ын бүлэг энэ асуудлаар хуралдаагүй байна. Бүлгийн дарга С.Бямбацогт “Өнгөрсөн хоёрдугаар сард бүлгээс ажлын хэсэг байгуулсан байгаа. Хэлэлцээртэй холбоотой мэдээллийг судалж байна. УИХ-ын хараа хяналт дор олон нийтэд ил тод, өмнөх гэрээний нөхцөлийг муутгахгүйгээр Тавантолгой, Оюутолгойн асуудлыг шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хэлэлцэх эсэхийг нь бид дэмжээд явна. Хэлэлцээрийн шатанд гэрээг сайжруулах, улс орны эрх ашигт нийцүүлэх, 1072 хувьцааг амилуулах шаардлагыг тавьж Тавантолгойн төслийг явуулна. Энэ дээр Бүлгийн нэгдсэн байр суурь гараагүй байгаа. УИХ дахь ажлын хэсэг болон бүлгийн ажлын хэсгийн гаргасан санал, дүгнэлтийг нухацтай хэлэлцэж байж, бүлэг цаашид яаж ажиллахаа тодорхой болгоно” гэлээ.
T.Энхэлээ
Сэтгэгдэл (4)