Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэн явуулж буй аж ахуйн нэгжүүд, тээвэрчдийн хооронд үүссэн маргаантай асуудлуудыг шийдвэрлэх асуудлаар Зам, тээврийн яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Монголын Тээвэр, Холбоо, Газрын тосны ҮЭ-ийн холбоо, Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбоо” ТББ, “Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо” ТББ зэрэг байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг УБ-Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум-УБ, УБ-Эрдэнэт, Эрдэнэт-УБ, УБ-Дархан, Дархан-УБ чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Тус ажлын хэсэг нь УБ-Сүхбаатар аймаг, Баруун Урт сум-УБ чиглэлд зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж буй “Хараацайн жигүүр” ХХК, “Дарьганга өртөө” хоршоо, ”Дайчин сүх” ХХК-ийн үйл ажиллагаатай нь танилцаж, тэдгээрээс холбогдох мэдээлэл, танилцуулга, тухайн чиглэлийн зорчигч урсгал, суудал ашиглалтын судалгаатай танилцаж дараах дүгнэлтийг гаргалаа.
Шалгалтаар “Дайчин сүх” ХХК нь Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д заасан авто тээврийн хэрэгслийг хадгалах, техникийн үйлчилгээ, засвар хийх, шатахуун тосолгооны болон ашиглалтын бус эд материалаар хангах, техникийн хяналтыг зохион байгуулж явуулах зэрэг авто тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаанд техникийн бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг хангахад чиглэгдсэн техникийн ба зохион байгуулалтын арга хэмжээ болон 10.2.6-д “авто тээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлагыг хангах” гэсэн заалтуудыг хангаж ажиллаагүй, Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2012 онд тогтоосон “их эрсдэлтэй” гэсэн эрсдлийн түвшинг бууруулах чиглэлээр тодорхой ажил хийгээгүйн улмаас өнгөрсөн 2014 онд 6 хүний амь насыг хохироосон асуудал гарсан билээ.
Иймд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9 дэх “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх,хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно”, Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.6 дах “барааны чанарын доголдол, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюултай шинж чанарыг нуун дарагдуулах”-ыг хориглоно гэсэн заалтуудыг үндэслэн “Дайчин сүх” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, “Дарьганга өртөө” хоршоонд 3 сарын хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Д.Ундрах /24tsag.mn/