Балба улсад хүчтэй газар хөдлөлт болж олон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Амиа алдсан хүмүүсийн дунд монгол хүн байхгүй гэнэ. Харин А.Эрдэнэтуяа, Ж.Саруулбуян, А.Жавзандулам гэсэн гурван хүн жуулчилж яваа юм байна. Тэднийг Катманду дахь Өргөмжит консулын газарт авчирч аюулгүй газарт байрлуулжээ.
Одоогоор Балба улсад тог цахилгаан, интернет тасарч, байнгын чичэрхийлэлтэй байгаа гэнэ. Катманду хотын олон улсын нисэх онгоцны буудал өчигдөр оройноос олон улсын нислэг үйлдэж эхэлсэн, одоогоор гадаадын 8000 гаруй иргэн нисэх буудал дээр хонон өнжин нислэгээ хүлээн дугаарлан, ачаалалтай ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна. Катмандугийн нисэх онгоцны буудал нислэг үйлдэж эхэлсэн тул Энэтхэгээр дамжилгүй хуваарьт нислэгээрээ маргааш Катманду-Чиндү чиглэлээр нисэхээр манай иргэд төлөвлөж байгаа талаар Өргөмжит консулын газраас бидэнд мэдэгджээ.