БНСУ-ын иргэн Ким Чолхунтай холбоотой асуудлаар “Газрын хэвлий” компанийн захирал Т.Таня, тус компанийн толгой компани болох “Жи Эм Кэй”-ийн ТУЗ-ийн дарга Сун Бүсү, өмгөөлөгч Г.Батбаяр нар өчигдөр мэдээлэл хийлээ.
“Газрын хэвлий” компани нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт алтны орд ашиглах A лиценз эзэмшдэг байна. Өнгөрсөн жилээс олборлолтоо эхлүүлжээ. Гэтэл БНСУ- ын иргэн Ким Чолхун нь дээрх компанийн захирал болохын тулд тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг гээгдүүлсэн гэж хуурамч бичиг баримт бүрдүүлэн, тэдгээрийг шинээр гаргуулж авсан гэж хурал зохион байгуулагчид ярилаа. “Ким Чолхун хувьдаа мөнгө завшсан гэж гүтгэн цагдаад мэдүүлж шалгуулсан төдийгүй, 2014 оны арванхоёрдугаар сарын 26-нд оффис руу дайрч орж компанийн бичиг баримтыг гаргаж өгөхийг шаардан компанийн дансны эзэмшигчийг өөрийн нэрээр сольж, уурхай руу дайран орж дарамталсан зэрэг хууль бус үйлдлийг гаргасан. Энэ үйлдлийг нь одоо цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Мөн тэрээр энэ сарын 17-нд дөрвөн машинтай, 20 орчим хүнийг дагуулан уурхай руу очиж харуулын гурван ажилтныг дарамтлан хөөж, машины түлхүүр, гэрчилгээ, экскаваторын түлхүүрийг булааж авсан. Гэтэл “Газрын хэвлий” ХХК-ийн Монгол талын захирал нь Т.Таня бөгөөд түүнийг ТУЗ-ийн шийдвэрээр томилсон болохыг баталж байна” гэж “Жи Эм Кэй” компанийн ТУЗ-ийн дарга Сун Бүсү онцлов. Мөн тэрээр “Ким Чолхуны үйлдэлд арга хэмжээ авахуулахаар БНСУ-д хандана. Ийм ичгэвтэр явдал гарсанд Монголын ард түмнээс уучлалт гуйя. Монгол Улсын нутаг дэвсгэрт монгол, солонгос иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа БНСУ-ын иргэн Ким Чолхуны хууль бус үйлдэлд БНСУ-ын Элчин сайдын яамнаас анхаарал хандуулан, албан ёсны арга хэмжээ авч өгөхийг хүсч байна” гэв.
Д.Дуулим