Олон Улсын арбитрын шүүх дээр “Хан ресурс”-ын хэрэгт Монголын Засгийн газар ялагдал хүлээж, 100 сая ам.долларыг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргахаар болчихоод байгаа. Мөн “Хан ресурс”-ын захирал Ж.Д.Чарльз манай улсад ирсэнийхээ дараа нас бараад байгаа энэ цаг үед манай Хууль зүйн яамнаас нэгэн хачирхалтай мэдэгдэл гаргаж олныг гайхшрууллаа.
Тодруулбал “2015 оны 3 сарын 2-ны өдөр гарсан олон улсын арбитрын шийдвэртэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, “Хан ресурс” компанийн хооронд 2015 оны 4 сарын 21, 22-ны өдрүүдэд харилцан тохиролцох хэлэлцээр хийлээ. Хэдийгээр Монгол улсын Засгийн газар энэхүү асуудлыг эвийн аргаар, харилцан ашигтай байдлаар шийдвэрлэхийг эрмэлзэж байсан боловч “Хан Ресурс” компанийн зүгээс энэхүү хэлэлцээрийг нэг талын санаачлагаар 2015 оны 4 сарын 22-нд цуцалсан болно. Энэ үйлдэл нь “Хан ресурс” болон тус компанийн хувьцаа эзэмшигчдэд ашиггүй үр дүнг бий болголоо. Арбитрын шийдвэрийг албан ёсоор хүргүүлээгүй байгаа боловч нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн тул Монгол Улсын Засгийн газар өөрийн эрх ашгаа хамгаалах үүднээс арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах, шаардлагатай бусад арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно” хэмээн Хууль зүйн яамнаас мэдэгдэл гаргажээ.
Тэгвэл хүнээ алдсан гадныханд энэ мэдэгдэл ямар сэтгэгдэл төрүүлэх вэ?. Мөн Арбитрийн шүүхийн шийдвэр эцсийнх биш гэж үү? гэх мэт асуултууд хөвөрч байгаа юм.
Шүүхийн шийдвэрээр бол төлөх ёстой өрний нөхөн төлбөрийн хүү өдрөөс өдөрт өсөөд байна шүү дээ. Гэтэл олон жил дүлий юм шиг байснаа шүүхийн шийдвэр гарсаны дараа ингэж амаа барьж байгаа нь олон улсад манайхныг хэрхэн харагдуулах нь ойлгомжтой. Учир мэдэх хүмүүс Хууль зүйн яамнаас гаргасан дээрх мэдэгдлийг ихэд бухимдалтайгаар хүлээж авлаа.
Цаашлаад “Хан Ресурс”-ын зүгээс ч энэ сарын 23-нд мэдэгдэл гаргасан байна. Тэд мэдэгдэлдээ “Арбитрын шийдвэрийг хүчээр хэрэгжүүлэх, нөхөн төлбөрийг барагдуулах арга хэмжээ авна. Энэ нь Нью-Йоркийн конвенцид нэгдсэн улс оронд хамааралтай учир энэ чиглэлээр туслалцаа үзүүлэхийг мэдэгдье” гэжээ. Энэ нь гадаадад байгаа манай улсын өмчийг битүүмжилнэ гэсэн далд сануулга гэдгийг ч зарим эх сурвалж онцолж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)