Юуны өмнө нэгэн алдартай, нэр хүндтэй, гэхдээ монголчуудын танил нэгэн хүний үгийг хүргэе. Тэрбээр, “Газраас тасралгүйгээр нисэхийн гайхамшигийг зөвхөн хурдан морь унан уралдаж байгаа хүн л мэдэрдэг. Ерөөсөө хурдны морь унана гэдэг ядаргааг агшин зуур тайлдаг сэтгэхүйн онцгой дасгал юм” гэжээ. Энэ үгийг Орос-Монголын найрамдалийн нийгэмлэгийн дарга, ЗХУ, БНМАУ, Вьетнамын баатар, сансрын нисэгч В.В.Горбатко хэлсэн юм.
Монгол хүүхдийн цусанд хоёр юм бусад зүйлээсээ арай илүүтэйгээр үе дамжин хадгалагдаж ирсэн юм шиг надад санагддаг. Дөнгөж хөлд орж байгаа нөхрийг дагуулаад Гандан гарахад тагтаа хармагцаа шидэх юм хайгаад байгаа бололтой харагддаг юм. Нэг тийм дайнч гэх нь хаашаа юм, дайчин шинж гэвэл зохилтой зүйл цусанд нь байгаа хэрэг л дээ. Гэтэл Москвагийн Улаан талбайд орос маамуунууд тагтаанд талхны үйрмэг өгөх гээд л паацагнаад явж байдаг л даа. Монгол хүүхдүүдийн нөгөө нэг цусаар дамжиж авсан зүйл нь ямар нэг юмыг унаж давхих. Дөнгөж хөлд орж байгаа нөхөр бяцхан ишиг барьж авчихаад юуны өмнө мордох гэж л зүтгэнэ шүү дээ. Тэгэхээр монголчуудын дайчин удам, морьтой холбогдсон хувь тавилан хоёр бидний цусанд үеэс үед дамжиж яваа өвөрмөц нэгэн нүүдэл гэлтэй.
Дайчин удам. Дайчин шинж чанар. Үүнийг өөр үгээр одоогийн хөрсөн дээр буулгавал өрсөлдөх чанар, хүсэл, мөрөөдөл, тэмүүлэл, зорилго, зан авир хэмээн хэлж болно. Ер нь нэг тийм тэмцэлдэх, өрсөлдөх чанар хүн гэгч хоёр хөлтэй бүхэнд заяажээ. Тиймээс өөрөө ч өрсөлдөнө. Өрөөлийг ч өрсөлдүүлнэ. Хоорондоо ч өрсөлдөнө. Яагаад гэхээр энэ өрсөлдөөн тэмцэл нь нэг ёсны байгалийн шалгарал болж өгдөг. Бас амьдралын нь утга учир ч гээд хэлчихэд болох байх. Мөн түүнээс өрсөлдөгч төдийгүй, тэднийг харж байгаа үзэгчид сэтгэлийн агуу их таашаал авдаг. Одоо ч авч байгаа. Спорт байна. Монголоос олимпийн аваргууд төрөхөд орилж хашгираагүй, уйлж огшоогүй хүн бий юу? За даа, бараг үгүй л болов уу.
Монголчуудын дунд эрийн гурван наадам үүссэний нэг тайлал нь энэ гэж бодож байна. Агтны хурд, биеийн хүч, нүдний хараа гэсэн гурвалжингийн огтлолцол дээр эр хүн гэсэн тодотгол торойн гарч ирдэг учраас энэ наадмыг буй болгосон биз. Ер нь бидний монголчуудыг морьгүйгээр төсөөлөхийн аргагүй л дээ. Морь ордоггүй үлгэр ч бараг байдаггүй. Нөгөөх нь дандаа хурдан морь байдаг. Хамуутай бор даага байснаа л наадамд түрүүлээд ирж байгаа тухай, эсвэл үүлтэй тэнгэрээс доогуур, үзүүртэй модноос дээгүүр дүүлдэг хурдан морины тухай гарна. Мөн хорвоо дэлхийг хоёрхон хоногийн дотор туулах морины тухай дуулна. Тууль хайлна. Одоо ч дуулсаар.
Ингэхэд орос хүн, тэр дундаа сансрын уудамд хамгийн хурдан хөлгөөр дүүлж үзсэн хүн хурдан морины талаар дээрхи үгийг хэлсэн байна. Гайхалтай. Тэгвэл бид унаж хурдлах нь байтугай, зөвхөн адуугаа хараад л сэтгэл зүрхээрээ агаарт нисэхийн гайхамшгийг мэдрээд эхэлдэг ард түмэн. Ямар ч байсан жоомоо уралдуулж байгаа америкчуудаас хамаагүй өөр мэдрэмж төрдөгт итгэлтэй байна. Холын газрыг хомбон туурайгаараа тамгалан, хормын зуур салхи мэт дүүлэн ирэх хүлгээ хараад галтай гаансаа ганцхан монгол хүн л түрийлнэ. Хэр баргийн зүйлд сандарч мэгдэж үзээгүй амгалангаас амгалан эр, чөдрийн ганц морь нь наадамд айрагдахад байх суух газраа олж ядан тэвдэж, юу хийхээ мэдэхгүй хэсэгхэн зуур балмагддаг юм. Бид ч ялгаагүй. Баярладаг. Бахархдаг. Өөрөө уяж сойн, өөрөө унасан юм шиг догдолно. Ер нь монголчуудын хамрын самсааг шархируулдаг хуруу дарам цөөхөн зүйлийн нэг нь хурдан морины уралдаан. “Баян ходоодоо” хүртэл дээдэлдэг ард түмэн шүү дээ.
Ингэхэд хурдтай байна гэдэг хүчтэйн шинж. Хүчтэй байна гэдэг амжилтын эх үндэс. Монголчуудын морио дээдэлдэг гол философ нь энэ. Тиймээс ч сүүлийг нь төрийн сүлдэндээ залж иржээ.
Монгол хүүхэд хурдан морь унана гэдэг өөрөө бас нэгэн гайхамшиг юм. Гадаадынхан бяцхан хүүхдүүд хэрхэн хурдан морь унахыг харах гэж л манай наадмыг сонирхдог. Түүнээс биш нум сум, бөх зэргийг тоодоггүй. Шулуухан л хэлчихье. Тэд нумаар харвадаг. Тэд барилддаг. Харин ч тэдний барилдаан хурдан шуурхай бол манайх үгүй. Монголын тал, Монголын тал шигээ уудам тайвуу монголчуудын сэтгэлгээндээ тохирсон байдаг. Хоёр бөх хонон өнжин барилддаг явдал зөвхөн Монгол ардын үлгэрт ч байдаг юм биш. Одоо ч бараг байгаа зүйл. Тэгвэл хурдан морь үгүй. Хурд, хүч гэсэн хослолын гайхамшигийг харуулах намхан нуруутай гавшгүй морьдыг бяцхан хүүхдүүд унаж байгаа явдал үнэхээр чимдэг. Үүнийг л Монгол гайхамшгийн нэг гээд байгаа юм. Сүүл нь сугарч үлдэх гээд байгаа мэт тээр ард харагдах хурдны нуруун дээр хоёр салаа гэзэг нь жигүүрлэх бяцхан охиныг хараад уярахгүй сэтгэл, урсахгүй нулимс гэж байдаггүй юм шүү дээ. Түүнээс гадна морь хэмээх байгалийн амьтан байгаль дээрээ ийнхүү хурд хүчээ үзэж буй нь улам чимдэг. Энэ бүхнээс монголчууд бүтэн жилийнхээ эрч хүчийг авдаг юм. Бүтэн жилдээ ярьдаг юм. Дараагийнхаа жилийг хүлээдэг юм. Тиймээс хүүхэд унаагүй хурдны морийг монгол хүн хэрхэн хүлээж авахыг үнэхээр төсөөлөхгүй байна. Гадаад гүрний морин тойруулгын томчууд унах уралдааныг хараад самсаа нь шархирах монгол хүнийг харсан уу? Ер нь таны самсаа шархирах уу? Үзэж байгаа хүмүүс нь ч кино энэ тэр дээрээс харахад бооцоо тавьсан мөнгөнийхөө нүдээр зүсэлсэн морио харахаас өөр уур амьсгал тэнд үүсдэг юм уу гэж асуумаар байна. Циркийн сургуультай морьдыг хараад ч алгаа л ташдаг биз дээ. Тэгвэл манай хурдан морьдийн уралдаан огт өөр. Байгаль, морь, хүүхэд, монгол хүн гэсэн гинжин хэлхээ тэнд мөнхөд хөвөрч байдаг. Онцлог нь энэ.
2007 онд шиг санагдана. Холын Америкаас 7-8 орчим насны хоёр банди бүхий эхнэр нөхөр хоёр ирж, бүтэн зунжингаа Хөвсгөл аймгийн Хатгал сумын нэгэн малчин айлд байсан юм. Шалтгаан гэвэл том хүү нь моринд хязгааргүй хайртай, мөн монгол морь унаж уралдах хүсэлтэй учраас иржээ. Монгол хүүхдүүд ийм багаасаа хурдан морь унадаг гэсэн нэгэн нэвтрүүлгийг санамсаргүйгээр энэ гэр бүлийнхэн үзсэний дараа хүү нь ийм “өвчтэй” болсон байна. Товчхон өгүүлэхэд хүү энд ирээд морь унаж сурав. Тэр ч бүү хэл хурдан морь үсэргэдэг боллоо. Эмнэг даага сургав. Сумын наадамд хоёр насны морь уналаа. Түүний унасан соёолон эхний аравт давхив. Ерөнхийдөө тэд зуны гурван сард хүүгийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлжээ. Энэ зуур хүү нь мориндоо булгиулан унаж үзлээ. Нүүр гараа улаан нялга болтол унав. Нэгэн их сунгааны үеэр мориноосоо ойчиж, гараа бэртээв. Сумын эмнэлэгт очиж боолгоод л дахин мориныхоо нуруун дээр гарав. Тэр огтхон ч няцсангүй. Хамгийн гол түүний аав, ээж ихээхэн зоригжуулж байлаа. Хүү ч ёстой гүргэр юм. Энэ тухайгаа маш сайхан баримтат кино хийсэн байна билээ. Манай үзэгчид удахгүй танилцах байх аа.
Гэтэл бид яаж байна. Хонгил траншейгаар тэнэж, томчуудын хүчирхийлэл гэдгийг дэндүү ихээр амсч байгаа хүүхдүүдийн талаар сүүлийн 25 жил огтхон ч дуугардаггүй байсан хүн, байгууллагууд гэв гэнэтхэн хурдан морины хүүхдүүдийн талаар ихээхэн сэтгэл зовдогоо илэрхийлээд эхэллээ. Хүүхдийн эрх л гэнэ, хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байна л гэнэ. Энэ бүгдийг харахаар нөгөө уул уурхайнхныг шантаажилж байгаад мөнгө саадаг нөхдүүд өөрийн эрхгүй нүдэнд харагдаад байдаг юм. Түүнээс хүүхдэд ухаангүй хайртайдаа биш. Тэгээд ч Монголд байгаа хүүхдийн төлөө гэсэн нэртэй 100 гаруй байгууллага хүүхдийн төлөө байж харагдаач гэе. Үүнийг ёстой бардам хэлье.
Хурдан морь хүүхдэд өөрт нь асар их зүйл өгдөг. Америк хүүг Анжес гэсэн шиг санагдаж байна. Түүний ээж хүүгээ мориноос унаад бэртсэний дараа, “Дуртай зүйлдээ эрсдэл гаргахгүй бол хүүхэд хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Тиймээс энэ бэртэл юу ч биш” хэмээн инээж байсан юмдаг. Тийм ээ. Хурдан морь эрсдэл дагуулдаг. Гэвч энэ эрсдэл монгол хүүхдэд асар их зүйлийг өгсөөр ирсэн, өгч ч байгаа, цаашдаа ч өгнө. Сэтгэхүйн хувьд л гэхэд өрсөлдөх, ялах гэсэн хүсэл тэмүүллийг хурдны морь л хүүхдэд өгдөг. Хор шартай болгож өгдөг юм. Өнөөгийн өрсөлдөөний нийгэмд үүнийг л хамгийн гол зүйл гээд байгаа юм. Бие бялдрын хувьд ойлгомжтой шүү дээ.
Тэгвэл би хэмээгч нөхөр хурдан морины хувьд хэн бэ гэсэн асуулт гарна биз. Юуны өмнө хурдны нуруун дээр хур салхи шиг дүүлж явсан гэж худлаа хэлээд яахав. Гэхдээ морь унаж өссөн нэгэн. Ер нь морьтой төстэй. Морь бид хоёр гадаад төрхөөрөө л өөр гэж боддог. Ингэхэд хүн зөвхөн усаар цангадаг юм биш шүү дээ. Би л гэхэд жилдээ нэг удаа хурдан морь, бөх, нум сумаа харж нэгэн цангаагаа тайлдаг. Жилээ бараг даачихдаг юм. Ялангуяа хурдан мориноос асар их сэтгэлийн таашаал авдаг. Өөртөө ганц өнчин унагагүй байж шүү дээ. Яагаад гэхээр бяцхан хүүгийн унасан тэр хүлгээс, түрүүлсэн түрүүлээгүй асар их хүчийг мэдэрдэг. Мөн хатуу чанга болоод уян хатны хослол, тэсвэр тэвчээр, итгэл найдвар, авьяас чадвар, баяр баясгалан бүхэн гагцхүү хүүхэд унасан хурдан морьдын тоосноос цацарч байдаг юм. Тиймээс хүүхэд унаагүй хурдан морь миний сэтгэлд яагаад ч юм огт төсөөлөгддөггүй. Ер нь монголчуудыг хурдан морь, хятадуудыг мөрийтэй тоглоом, оросуудыг хар талхгүйгээр зүйрлээд үз дээ. Хурдан морь, хүүхэд, бид гурвын тухайд нэг ийм.
Д.Гал
Сэтгэгдэл (3)