Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл өглөө.
Иргэний хэргийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барина
Засгийн газрын хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар иргэн өмчийнхөө газрыг зохих журмын дагуу хувь хүн болон банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах эрхтэй. Гэрээний үүрэг хангагдахгүй болсон тохиолдолд барьцааны зүйл болох газраас гэрээний үүргийг хангуулахад заавал шүүхэд хандаж, 3 шатны шүүхээр шийдвэрлүүлэх ердийн журам үйлчилж байгаа нь банк, банк бус санхүүгийн байгууллагуудын газар барьцаалж, зээл олгох сонирхлыг бууруулж байна. Хуулийн төсөлд талууд гэрээндээ барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар хангуулахаар харилцан тохиролцсон бол шүүх нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулан захирамж гаргасны үндсэн дээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зохицуулалтыг тусгажээ. Уг хуулийн төслийг дагаж гарах Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр газар барьцаалах гэрээгээр талууд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс үл маргах журмаар гаргуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулж болох зохицуулалтыг нэмж тусгасан байна. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар газар барьцаалсан барьцааны гэрээний үүрэг хангагдахгүй байгаа тохиолдолд барьцааны зүйлээс үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангах журам бий болж, энэ төрлийн маргааныг шүүх урьдчилсан журмаар шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт бий болно.
Ой хээрийн түймэрт 600 сая төгрөгийг нэмж гаргана
Засгийн газар өчигдөр хуралдаж ой хээрийн түймэртэй аймгуудад зориулж дахин 600 сая төгрөг гаргахаар болсон байна. Өчигдрийн байдлаар 15 аймгийн 58 суманд 109 удаагийн ой хээрийн түймэр гарсан байна. Түймэр байгаль эклоги, иргэн, аж ахуйн нэгжид асар их хэмжээний хохирол учруулсан гамшигт үзэгдэл болж байгаа. Өнгөрсөн жил хур тунадас бага орсон мөн иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалан гал гарсан ОБЕГ-аас Засгийн газарт танилцуулжээ. Энэ жил гарсан түймэрт давхардсан тоогоор орон нутгийн болон мэргэжлийн байгууллагын 9,000 орчим хүн, 900 орчим техниктэйгээр ажиллажээ. Монгол Улсын Ерөнхийлөгч гал гарч буй аймгуудад ажиллахад ой хээрийн түймэрийн голомтод ажиллаж байгаа хүмүүсийн хамгаалах хэрэгсэл болон хангамж, техник хэрэгсэл хангалтгүй байсан байна. Тиймээс ОБЕГ-аас зарим бараа материал, хангамж худалдан авах саналыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанд оруулж иржээ. Тиймээс гал түймрээс хамгаалах 500 хучилга, усаар шүршигч аппарат, нүдний шил гэх мэт зайлшгүй шаардлагатай зүйл худалдаж авахад 600 сая төгрөгийн хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахаар болжээ.
Т.Хулан