Өнгөрсөн 2 дугаар сард салбар бүрийн тэргүүлэх мэргэжилтнүүдийг оролцуулан “Үндэсний Хөгжил- Монгол Хүн” форумыг зохион байгуулах үеэрээ “УЛС ТӨРИЙН ШИНЭ ХҮЧИН” болохоо мэдэгдэж байсан “Хөгжил-Хүн”клубынхан өнөөдөр “Үндэсний Хөгжил- Монгол Зорилго” нэртэй чуулганыг зохион байгуулж байна.
Яагаад бидэнд “Монгол Зорилго” хэрэгтэй вэ? гэсэн агуулгын доор явагдаж буй тус чуулганаар төрийн албаны шинэтгэлийн талаар баримтлах бодлогоо тэд дараах байдлаар тодорхойлж байгаа юм.
1. Төрийн албыг улстөрийн албанаас хатуу зааглана. Намын аль нэг шатны эрх барих,удирдах байгууллага, албан тушаалд сонгуультай байсан этгээдийг чөлөөлөгдсөнөөс хойш 1 сонгуулийн хугацаанд буюу 4 жилийн дотор төрийн жинхэнэ албанд, удирдах албан тушаалд томилохгүй.
2. Төрийн албаны шатлан захирах зарчим байдгын адил түүнийг сөрж урсах буюу алба, албан тушаалтан шатлан өгсөх зарчмыг ил тод нээлттэй болгож шууд хуульчлах. Тухайлбал, төрийн захиргааны байгууллагын албан хаагчийг ажилласан хугацаа, мэдлэг, чадвар, туршлага, ёс зүйн гэх мэт шаардлагатай үзүүлэлтүүдээр үнэлж ахлах мэргэжилтэнээс авхуулаад тасаг, хэлтэс, газар, агентлагийн дарга,төрийн нарийн бичгийн даргад хүртэл өрсөлдүүлдэг төрийн албан хаагчдад нээлттэй, гаднаас хаалттай хэд хэдэн шатлалыг хуульчлан бий болгож өрсөлдүүлэх,томилох журмыг нарийвчлан төрийн албаны тогтолцооны нэг хэсэг болгох нөхцлийг нэн яаралтай хангах шаардлагатай ба эдгээр шатлал тус бүрт төрийн албан хаагчийн баталгаа (орон сууц,тэтгэлэгүүд, эрүүл мэндийн баталгаа гэх мэт)-г тэдний хэрэгцээ, шаардлага, нас,эрүүл мэндийн байдалтай нь уялдуулан ялгамжтайгаар бүрдүүлж баталгаатай эдлүүлж төрийн албаны үнэ цэнийг өргөх бодлого баримтлах нь зүйтэй.
3. Дээрх суурь нөхцлийг бүрдүүлснээр төрийн албыг томхон чадварлаг, тогтвортой,цалин, ахуй хангамж сайтай, хүртээмжтэй байх боломж давхар бүрдэнэ. Төрийн алба цахимжих, хүнд суртал багасах бодит хөрс ч бий болно.
Төрийн албыг эзэнжүүлэх, “шүншиглэх” энэ шинэтгэлийг Монголын нийгмийн байгууллын дотоод тогтолцоонд (систем)-д хийх шинэтгэл буюу Монголын үндэсний хөгжлийн стратегитай нягт уялдуулан хэрэгжүүлэх түүхэн шаардлага бидэнд тулгарч шийдлээ хүлээж байна.
УЛС ТӨРИЙН ШИНЭ ХҮЧИН