АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдээлэл хийлээ. Өнөөдөр тус намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Тавантолгойн ордын ашиглалтын асуудлаар намын байр суурийг илэрхийлсэн шийдвэрийг гаргасан байна.
Энэ талаар АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр ярихдаа “Энэ төслийн 51 хувь нь төрийн өмчид байх ёстой. Бид тус шийдвэрийг гаргахдаа 2012-2016 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тулгуурлсан. Энэ тогтоолд төсвийн хөрөнгөөр хийсэн уул, уурхайн ордуудын эзэмшлийн 51 хувь нь Монгол улсын өмчлөлд байх ёстой гэсэн заалт байгаа. Мөн АН 2012 оны сонгуульд оролцохдоо “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордууд дээр байгуулагдах компанийн 51 хувиас доошгүй хувийг төр эзэмшдэг байна” гэсэн заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Эдгээр заалтуудыг үндэслэж ийм шийдвэрийг гаргасан. Хоёрдугаарт, Тавантолгойн ордыг нь цааш нь явуулъя. Явуулахдаа 51 хувь нь Төрийн өмч байхаар 49 хувьд нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид байна гэдэг шийдвэрийг гаргасан” гэлээ.
Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Намын гүйцэгэх зөвлөл хэлэлцээд Засгийн газарт үүрэг чиглэл өгөх нь хэр оновчтой шийдэл вэ?
-Нэгдүгээрт, одоогийн хууль эрх зүйн тогтолцоогоор стратегийн орд УИХ-аар хэлэлцэгдэн шийдвэрлэгдэх ёстой. Хоёрдугаарт, манай парламент улс төрийн намын бүлгүүдээс бүрддэг. Тиймээс манай нам олонх бүрдүүлж байгаагийн хувьд ямар байр суурьтай байгаагаа УИХ-ын намын бүлэгтээ илэрхийлж байгаа юм.
-Гүйцэтгэх зөвлөлд УИХ болоод Засгийн газрын гишүүд хэр их байдаг юм бэ?
-УИХ, Засгийн газрын гишүүн олон байгаа. Мөн аймгийн дарга нар бас бий.
-УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Эрдэнэчимэг нар “Энэ гэрээг хүлээн зөвшөөрөхгүй, Монголын эрх ашигт нийцэхгүй гэрээ" гэж мэдэгдээд байгаа?
-Гэрээ бол явах ёстой. Гэрээний талаар хэн ч дуугарахгүй, автоматаар санал явахгүй нь ойлгомжтой. 2-3 гэрээний өөрчлөлтөөр Монголын талд сайжирсан хувилбар орж ирж байна. Хэлэлцэж байгаа асуудлыг хэрүүл гэж харахаас илүүтэй Монголдоо илүү ашигтай явуулъя гэдэг байр суурьтай байгаа.
-Төр тавантолгойн ордод 51 хувь эзэмшсэн нөхцөлд тэр хэмжээний хөрөнгө оруулах шаардлагатай болох юм биш үү. Энэ асуудлыг гүйцэтгэх зөвлөлөөр юу гэж ярьсан бэ?
-УИХ-ын тогтоол, Засгийн газрын тогтоолд Тавантолгойн орд газрыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагч оруулж идэвхижүүл. Ингэхдээ гол зарчим нь Монголын төрийн талаас хөрөнгө орохгүйгээр асуудлыг шийдвэрлэхээр зарчим баримталсан. Энэ зарчимдаа баригдаж гэрээ хийгдэх ёстой.
-Энэ асуудлыг эртнээс тавьж болоогүй юм уу. Гэрээ хэлцэл хийгдээд, гэрээний төсөл бэлэн болж, өргөн баригдсаны дараа ярихаар яадаг юм бэ?
-Асуудал шийдэгдээгүй байна, галт тэрэг одоо л хөдлөх гэж байна. АН-ын энэ хувилбар өмнө нь явагдаж байсан. Я.Батсуурь даргын үед яригдаж байсан асуудал. Цаг хугацаа бидний өмнө байна. Үүнд захирагдаж асуудалд хуумгай хандаж болохгүй. Асуудлыг өнөө маргаашдаа тулчихсан юм шиг хандаж болохгүй.
-Төрийн эзэмшлийн хувь хэмжээнээс бусад дээр АН-ын гишүүдийн байр суурь нэг байна гэсэн үг үү?
-Бусад асуудлаар УИХ-аар хэлэлцэх үед намуудаас ажлын хэсэг гарч заалт бүрээр ярилцах ёстой гэж үзсэн, үүнтэй санал нэг байгаа. Жишээ нь 10-12 мянган ажлын байр бий болгоно гэж байгаа ч тэдэн хувь нь хатуу байна гэсэн заалт байхгүй. Тэдэн хүн Монголоос байлгана гэсэн заалт байхгүй. Монголын талаас 500-600 аж ахуйн нэгж оролцоно гэсэн ч ийм бүтээгдэхүүнийг зөвхөн Моноглоос авна гэсэн заалт байхгүй. Тийм учраас энэ мэт асуудлыг сайжруулах шаардлага бий.
-Манай талаас 51 хувь гэхээр консерциум хүлээн зөвшөөрөх үү?
-УИХ-ын тогтоол нь 51 хувь байх ёстой гэж заасан байдаг.
-Өмнө нь Эрдэнэс тавантолгой компанийн 51 хувийг “Эрдэнэс тавантолгой эзэмшье”, Пийбоди, Шиньхуа 49 хувь эзэмшье гэж Я.Батсуурь захиралтай байх үед асуудал ярихад дэмжээгүй хэрнээ одоо болохоор энэ асуудлыг тавьж байгаа нь ямар учиртай юм бэ?
-Манай нам дэмжээгүй биш, УИХ-д асуудал орж ирээгүй. Орж ирсэн бол дэмжих хувилбар байжээ гэдэг нь ойлгогдож байгаа биз дээ.
-Миний ойлгож байгаагаар Засгийн газар дэмжээгүй байсан. Хэлэлцэхээс нь 20 хоногийн өмнө наад хэлэлцээрээ зогсоо гэсэн асуудлыг Л.Эрдэнэчимэг гишүүн өнөөдөр ярьсан?
-Манай намын байр суурь өнөөдөр л гарч ирж байна. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл Тавантолгойн асуудлаар анх удаагаа л байр сууриа илэрхийлж байна. Намын байр суурийг одоо бүлэг хэлэлцэнэ.
-Ардчилсан намын бүлэг Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг дэмжихгүй бол яах вэ. Бүлгийн байр суурь хүчинтэй юу, Гүйцэтгэх зөвлөлийн байр суурт хүчинтэй юу?
-Намын байр суурь ийм байна гэдгээ л хэлье.
Т.Хулан
Сэтгэгдэл (3)