Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Үндсэн хуулийн цэцээс тойргийн шүүхийн системийг өөрчлөх шийдвэрийг гаргасан. Харин ШЕЗ-өөс шүүхүүдээс судалгаа авахад тойргийн системийг өөрчлөхгүй байхыг дэмжсэн байна. Тиймээс ШЕЗ-өөс шинэ шүүх байгуулах тухай саналаа Ерөнхий сайдад хүргүүлээд байгаа. Энэ талаар?
-ШЕЗ Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүндэтгэн үзнэ. Тиймээс шийдвэрт дурьдсан үндэслэлүүдийг, тодруулбал, шүүхийн бүтэц, зохион байгуулалтын ажлыг дахин харж, шүүх байгуулах тухай хуулийн төслийг санал солилцохоор Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн байгаа. Засгийн газрын саналыг авсны дараа Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Ерөнхийлөгч хуулийнхаа дагуу УИХ-д өргөн барих бүрэн эрхтэй.
-Шинэ шүүх байгуулахад яг юу өөрчлөгдөх вэ?
-Одоогийн байдлаар 2,3 шүүхийг нийлүүлж давж заалдах шатны иргэний болон эрүүгийн шүүхийг байгуулж нэгдүгээр шүүх, хоёрдугаар шүүх гэж нэрлэсэн байгаа. Өнөөдрийн байдлаар иргэний 10, эрүүгийн 10 давж заалдах шатны шүүх ажиллаж байна. Мөн 2, 3 шүүхийг нийлүүлэн нэгдүгээр шүүх, хоёрдугаар шүүх гэж нэрлэсэн. Энэ нь Үндсэн хуулинд нийцэхгүй, тодруулбал, иргэдийг шүүхээс холдуулж, шүүх иргэдэд хүрч ажиллаж чадахгүй байна гэсэн шийдвэр гарсан учраас үүнийг болиулна. Харин шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шүүх Дорнод аймагт ч, Сүхбаатар аймагт ч, Хэнтий аймагт ч хуралдаанаа явуулдаг болохоор зохицуулна. Одоогийн байгаа системээр Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийг нийлүүлэн нэг давж заалдах шатны шүүх байгуулж, Дорнод, Сүхбаатар аймгийн иргэд хуралдаанд оролцохын тулд Хэнтий рүү явдаг байсныг болиулж, иргэд биш шүүгчид нь өөрсдөө аймаг аймагт очиж хуралдаан хийдэг болгохоор зохицуулахаар саналаа хүргүүлсэн.
-Шүүхийн шинэ хууль батлагдвал хэзээнээс мөрдөгдөж эхлэх вэ?
-Шинэ шүүх байгуулах тухай саналаа Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газраас санал аваад Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Ерөнхийлөгч УИХ-д хуулийн төслийг өргөн мэдүүлсний дараа хууль батлагдвал долдугаар сарын 1-нээс шинэ бүтцээрээ явна.
-Шинэ шүүх байгуулахад хэчнээн төгрөг зарцуулагдах вэ?
-2013 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлээд шинэ тойргийн системээр ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд багагүй мөнгө зарцуулсан байдаг. Одоо шинэ бүтцээр ажиллахад нэг жилийн хугацаанд шүүгч томилолтоор ажиллахад ойролцоогоор 180-аад сая төгрөгний нэмэлт зардал гарахаар байгаа. Үүнийг одоо байгаа төсвийн хэмжээнд зохицуулаад шийдэж болох юм гэж үзэж байна. Түүнээс гадна шүүгчдийн тоо нэмэгдэнэ. Ойролцоогоор жилдээ 3,5 тэрбум төгрөгийн нэмэгдэл зардал гарахаар тооцоо гарч байна.
-Улсын дээд шүүхийн шүүгчдийг шалгалтад өндөр оноо авсан бус бага оноо авсанийг нь ШЕЗ-өөс нэр дэвшүүлсэн гэх шүүмжлэл байна?
-Монгол Улсын Үндсэн хуульд хуульчдаас шүүгч болох хүнийг сонгох, томилох саналыг хүргүүлэх бүрэн эрх Шүүхийн ерөнхий зөвлөлд /ШЕЗ/ байдаг. ШЕЗ таван гишүүнтэй. Энэ таван гишүүн ямар хүнийг шүүгчид нэр дэвшүүлэх вэ гэдгийг хуралдаж шийдвэрлээд Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг. Улсын дээд шүүхийн шүүгчдийн хувьд заавал УИХ-д танилцуулсны дараа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг онцлогтой. Тэр үйл ажиллагаа өчигдөр явагдлаа. Шүүгчийг шалгаруулах ажиллагаа удаан хугацаанд явагддаг. Эхлээд шүүхийн мэргэшлийн хорооны шалгалтад орно. Мэргэшлийн хороо шалгалтаа аваад шалгалтынх нь оноогоор эрэмбэлээд үнэлсэн байгаа. Үндсэндээ 19 нэр дэвшигч оролцсон. Дараа нь ШЕЗ-ийн гишүүдтэй ярилцлага хийнэ. Түүнээс гадна Монголын хуульчдын холбооны шүүгчээр ажиллах бүрэн боломжтой эсэх асуудлаар дүгнэлт гаргана. Үндсэндээ хуульчийн холбооны дүгнэлт, ШЕЗ-ийн ярилцлага, мэргэшлийн хорооны дүн зэргийг харгалзан үздэг. Нийтэд ил тод болсон нь мэргэшлийн хорооны үнэлгээ байгаа. Энэ 3 зүйлийг харгалзан эцэст нь санал хураалтаар хэний нэрийг өргөн мэдүүлэх талаар шийдвэрлэдэг тогтолцоотой. Хэдийгээр өндөр оноо авсан ч санал хураалтаар олонхийн санал аваагүй бол нэрийг нь өргөн барих боломжгүй байдаг.
-Шүүгчдийн сонгон шалгаруулалт бас явагдаж байна. Энэ жил хэчнээн шүүгч сонгон шалгаруулж авах вэ?
-Энэ жилийн хувьд нийтдээ 45 шүүгчийн орон тоонд шүүгч авахаар болж байна. Яагаад гэхээр шүүхийн ачаалал өндөр байна. УИХ-аас баталсан шүүгчийн орон тоонд хүрээгүй байгаа. Одоогийн байдлаар 470 гаруй шүүгч ажиллаж байна. УИХ-аас батлагдсан орон тоо нь 700 гаруй шүүгч байх ёстой. Тэр орон тоонд арай хүрээгүй байна. Тиймээс энэ жил 45 шүүгч, дараа дараагийн жилд нэмсээр байгаад 700 гаруй шүүгчтэй байх юм. Тэгэхээр 230 гаруй шүүгч дутуу байна. 45 шүүгчийг нь сонгон шалгаруулах шалгалт үргэлжилж байна. 45 шүүгчээс 24-ийг нь шалгаруулж авна. Үлдсэн шүүгчдийг намар шалгаруулан авна.
-Шүүгчдийн цалингийн асуудал хэл ам дагуулсан хэвээр л байна. Яг одоо хэдэн төгрөгний цалин авч байна вэ?
-Цалингийн хэмжээ олон нийтэд ил болсон. Шүүгчид 2.7 сая төгрөгийн цалинтай ажиллаж байна. Түүнээсээ нийгмийн даатгал, хүн амын орлого гээд суутгуулаад 2.3 сая төгрөгийн цалин гар дээрээ авч байна. Харин Улсын дээд шүүхийн шүүгчид ойролцоогоор 3-3.3 сая төгрөгийн цалин авдаг. Түүнээс шимтгэлүүдээ хасуулаад 2.8 сая орчим төгрөгийн цалин авна.
-Энэ 2.7-3.3 сая төгрөгийн цалин нь тогтмол уу. Өөр нэмэгдэл, урамшуулал бий юу?
-Хуулиараа шүүгч ажилласан жилийнхээ нэмэгдлийг авах боломжтой. Өөрөөр хэлбэл, таван жил болсны дараа жил тутам хоёр хувийн нэмэгдэл авах боломжтой байдаг. Үүнээс өөр ямар нэмэгдлийг өнөөдөр хуулиар хаасан байгаа. Өөрөөр хэлбэл, өөр урамшуулал байхгүй гэсэн үг.
-Ер нь шүүгчид 2.7-3.3 сая төгрөгийн цалин авснаар тэдний хараат бус байдал бий болно гэдгийг хэлж чадах уу?
-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23.1-д шүүгч ажил амьдралаа авч явахад нь эдийн засгийн хараат бус байдлыг хангахуйц хэмжээний цалин авах ёстой гэж заасан байдаг. Тэр нь ямар байх вэ гэдгийг Монгол Улсын их сургуулийн судлаачдын багаар гүйцэтгүүлсэн. Үндсэндээ 2.7-3 сая орчим байхад энэ нөхцөлөөр хангах юм байна гэсэн хөндлөнгийн судалгааны дүн гарсан. 2.7-3 сая төгрөг байхад шүүгчийн эдийн засгийн хараат бус байдал нь зохих хэмжээнд хангагдах юм байна гэсэн судалгааны дүн юм.
-Шүүгчид авлига, хээл хахууль авахгүй байхад хэрхэн анхаарч байгаа вэ?
-Бидний зүгээс шүүгчид нөлөөлөхгүй байх, хараат бус байх чиглэлээр багагүй ажил хийж байгаа. Тэдгээрийн нэг болох нөлөөллийн мэдүүлэг хэрэгжээд эхэлсэн. Энэ нь тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгч байна. Шүүхэд ямар нэгэн этгээд албан тушаалтан нөлөөлөх юм бол нөлөөллийн мэдүүлгээ гаргадаг жишиг рүү орсон. Түүнээс гадна Шүүхийн ёс зүйн хороо байна. Шүүхийн ёс зүйн хороо бол шүүгч ёс зүйн зөрчил гаргах тэр дундаа авлига, хээл хахууль авахтай холбоотой талуудад тэгш бус хандах, талуудын хуулиар олгогдсон эрхийг зөрчих, мөн ёс зүй, зан харьцааны хувьд алдаа гаргасан тохиолдолд ёс зүйн хороонд ирдэг механизм ажиллаад эхэлсэн. Ёс зүйн хороо нэлээд үр нөлөөтэй ажиллаж байгаа гэж дүгнэж болно.
-Шүүгчийн цалинг бууруулна гэсэн яриа байгаа. Энэ талаар шийдвэр гарсан уу?
-УИХ-аас Хууль зүйн байнгын хорооны дэргэд ажлын хэсэг байгуулсан. Шүүгчийн цалингийн асуудлаар сая шийдвэрээ гаргасан. Тодруулбал, ер нь шүүгч нарын цалинг хуулиар тогтоох нь зүйтэй юм байна тиймээс хуулиар шүүгчийн цалинг тоогоор тогтоож өгье гэж шийдвэр гаргасан. Хоёрдугаарт, одоо байгаа шүүгч нарын авч байгаа цалингийн хэмжээг бууруулахгүй байя гэсэн шийдвэр гарсан. Гуравдугаарт, өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн одоо байгаа төсвийн хэмжээнд цалингийн асуудлаа шийдье гэсэн чиглэлээр Хууль зүйн байнгын хороо шийдвэрээ гаргасан. Хуулийн төслүүдээ өргөн барьчихсан явж байгаа.
-Одоо байгаа төсөв нь хэд юм бол?
-Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсөв 58 тэрбум байгаа. Шүүгчдийн цалинд 16 тэрбум төгрөг, нийгмийн даатгал татвараа нэмээд 20 тэрбумыг төлөвлөсөн.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (17)