Өчигдөр Их Британы хааны гэр бүлд шинэ гишүүн нэмэгдсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан томоохон үйл явдлуудын нэгээр нэрлэгдэж байна. Кэмбрижийн гүнж Кэтрин бямба гаргийн өглөө 08.34 цагт Лондонгийн Гэгээн Маригийн эмнэлэгт 3.7 кг жинтэй охин төрүүлжээ.
Хоёр дахь хүүхдээ төрүүлсэн гүнжийн болон шинэхэн охины бие эрүүл саруул, сайн байгааг Хааны гэр бүлийн албаныхан мэдээлсэн байна.
Хааны гэр бүлд дөрөв дэх үеийн залгамжлагч төрсөн явдлыг англичууд талархан тэмдэглэж байна. Гүнжээ төрөхийг хүлээж эмнэлгийн гадаа 2-3 хоносон ард иргэд шинэ хүн төрсөн мэдээг маш баяртайгаар угтан авчээ.
Эмнэлэг болон Букингхэмийн ордны гадаа олон мянган хүн цугласан байна. Тэдний дунд жуулчид олон байсан бөгөөд англичууд хааны гэр бүлийг ихээхэн хүндэтгэж үзэж, шинэ хүн төрснийг хэрхэн тэмдэглэж буйг сонирхохоор очжээ.
Уламжлалт ёсоор хааны ордны мэдээлэгч 18-р зууны үеийн хувцас өмсөн “Энэ охин байна, Охин төрлөө” хэмээн цугласан олонд зарлажээ. Мөн Гүн Уилльям болон гүнж Кэйт нар бяцхан охиноо ард иргэддээ үзүүлж эмнэлгийн гадаа талархал илэрхийлэн мэндчилсэн байна.
Букингхэм ордны хашаанд хааны гэр бүлд охин төрсөн тухай мэдээллийг самбарт бичиж албан ёсоор байршуулсан бол Лондон хотын алдартай гүүр, усан оргилууруудын өнгийг ягаан болгон хувиргаж бяцхан гүнжийг мэндэлсэн баярыг эхлүүлжээ.
Англичуудын хайрыг татсан бяцхан гүнжид одоохондоо нэр хайрлаагүй байгаа аж. Гүн, гүнж нар эмнэлгийн гадаа охиныхоо хамт гарч ирэхэд шинэ хүн ихээхэн тухтай унтаж байсан нь британичуудын зүрхийг улам ихээр хайлуулж байна. Учир нь тэнд цугласан ард иргэд “Бидний хайранд өлгийдүүлэн тайван гэгч унтаж байна” хэмээн баярлан билэгшээж байгаа тухай “CNN” агентлаг бичжээ. Мөн Их Британы Ерөнхий сайд Дэвид Камерон болон дэлхийн олон удирдагчид хааны гэр бүлд баяр хүргэснийг онцолсон байна.
Олон мянган хүний хайрыг хүртсэн нойрсож буй гүнжийн 24 фотог хүргэе.
Г.Үжин
Сэтгэгдэл (5)