Нигерийн цэргийн ангийнхан өчигдөр исламын хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийнхэнд барьцаалагдсан олон зуун охид, эмэгтэйчүүдийг суллажээ. Цэргийнхэн өнгөрсөн долоо хоногт нийт 700 гаруй барьцаалагдсан хүмүүсийг сулласны дотор нэг өдөр хамгийн олон буюу өчигдөр нийт 275 эмэгтэйг сулласан байна.
Гэвч алан хядагчдын гараас мултрахыг даваан дээр аймшигтайгаар хөнөөгдсөн бусдыгаа дурсан ярьсан нь олон сая хүний зүрх шимшрэхэд хүргэжээ. Барьцаалагсдад Нигерийн цэргийн буун дуу сонсогдож, тулаанд манай тал ялбал аврагдана гэсэн дохио ирсээр байсан ч тэдний аймшиг дуусаагүй байна.
Хэт даврагч бүлэглэлийн дайчид дайралт ирэхэд өөрсөдтэй нь хамт хурдан зугтаагаагүй охидыг чулуугаар шидэж хөнөөж, заримыг нь тэдний нүдэн дээр хуягт машинаар дайрчээ.
27 настай Лами Муса гэх бүсгүй гэртээ ирээд таван настай охиноо тэврэн “Бид бурханд талархах хэрэгтэй. Учир нь бид амьд гарч чадлаа” хэмээн ярина. Тэрээр Нигерийн Чибок тосгоноос хулгайлагдсан олон зуун охидын нэг юм. Хэрвээ тэднийг Нигерийн цэргүүд авраагүй байсан бол Лами Муса ирэх долоо хоногт нөхрийг нь хөнөөсөн Боко Харамын дайчдын нэгтэй гэрлэх хуваарьтай байж.
Ламиг дайчидтай гэрлэхэд гологдохгүй хэмжээний гоо үзэсгэлэнтэй учраас нөхрийг нь хөнөөж хулгайлсан хэмээн Боко Харамынхан ярьсан байна. Гэвч хулгайлагдсаны дараахан эмэгтэй таван сартай жирэмсэн байсныг хэр даврагчид олж мэджээ. “Тэд намайг жирэмсэн гэдгийг мэдсэний дараа би намайг алахвий гэж маш их айсан. Гэвч тэд нөхрийг маань сүсэггүй хүн байсан учраас дахин гэрлэнэ хэмээн хүчилсэн” хэмээн бүсгүй ярьжээ. Тэрээр аврагдахын өмнөх шөнө охин төрүүлсэн байна. Гэвч цэргүүдийн дайралт Боко Харамын хуаранд ирэхэд охидыг өөрсөдтэй нь хамт хурдан зугтахыг дайчид шаарджээ. Лами Муса дөнгөж төрсөн, бие тэнхээ муу байсан ч түүнийг барьцаалагсдын дунд орон гүйхийг тушаасан байна. Хэт даврагсад эмэгтэйчүүдийг удаан гүйлээ хэмээн чулуугаар шидэж эхэлжээ. Тэрээр охиноо гэмтээхгүйн тулд гэдсэндээ хийж чулуун борооноос арай гэж амь гарсан байна.
“Олон охин чулуун бороонд өртөн амиа алсан. Бидний дунд хурдан гүйж чадаагүй хичнээн охид чулуугаар шидүүлж хөнөөгдсөнийг мэдэхгүй байна” хэмээн бүсгүй ярьжээ.
Лами Муса “Бид бидний хэн нэгэн нь өдөр бүр тамлуулж амиа алдахыг нүдээр хардаг байсан. Тэд зугтаахыг оролдсон эсвэл дайчдыг дургүйг хүргэсэн бүсгүйчүүд тул биднийг тийм үйлдэл гаргахаас сэргийлж нүдэн дээр тамладаг байсан. Зүрх минь хараас хар тэр өдрүүдийг, чин минь эмэгтэйчүүдийн тамлуулан хашгирах дууг хэзээ ч мартаж чадахгүй” гэжээ.
Нигерийн хойд хэсэгт суурьшсан Боко Харам бүлэглэл 2009 оноос эхлэн Исламын улс байгуулна хэмээн олон мянган хүнийг хөнөөж эхэлсэн юм. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Нигерийн цэргийнхэн алан хядагчидтай эрчимтэй тулалдаж барьцаалагдсан хүмүүс, эзлэгдсэн нутгуудаа эргүүлэн авч байгаа билээ.
Г.Үжин
www.24tsag.mn