ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын Агуу их ялалтын 70 жилийн ойн баярын талаар мэдэгдэл хийлээ. Одоогийн байддаар Ялалтын баярыг тэмдэглэх ёслолд 20 гаруй улсын тэргүүн оролцохоо мэдэгдсэн байна. Харин тэдний дунд Европын холбооны орнуудын удирдагчдаас нэг нь ч байхгүй гэдгийг Дмитрий Песков онцоллоо.
ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель энэ сарын 10-нд Владимир Путинтэй уулзахаар Москвад ирэх гэж буй. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Хэн нэг нь энэ гэгээн сайхан өдрийг Оросыг бусдаас тусгаарлах зорилгодоо ашиглахаар үзэл суртлын шалтгаанаар ирэхээс татгалзаж, зарим нь бусдадаа уруу татагдаад, хэн нэг нь бас айгаад ирэхгүй нь шиг байна. Гэхдээ энэ баярыг бид ямар үйл явдал гэж үзэхэд тэд огт нөлөөлөхгүй” гэж хэлсэн байна.
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун баярт оролцох боломжгүй болжээ. Анхны гадаад айлчлалаасаа татгалзсан шалтгаанаа Ким Чен Ун дотоод ажилтай холбон тайлбарласан байна. Мөн Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд ажил ихтэй байгаа тул Москвад очихооргүй болжээ. Харин Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко баярын үеэр Улаан талбайд байж чадахгүй бөгөөд тавдугаар сарын 7-8-нд Москвад байгаад, 9-нд Минсктээ парад хүлээж авна гэдгээ мэдэгдсэн гэлээ. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ бас энэ үеэр Москвад ирэхгүй гэдгээ ажил хэргийн шалтгаантай холбон тайлбарлажээ. Харин хэвлэлүүд түүнийг АНУ-тай дипломат харилцаагаа сайжруулж буйн улмаас ийм шийдвэр гаргасан хэмээн дүгнэж байгаа юм.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)