Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж Хүний эрхийн Үндэсний Комиссоос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хийсэн шалгалтын дүнг хэлэлцжээ. Хуралд УЕПГ болоод ШШГЕГ-ын холбогдох хүмүүс оролцсон бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчлийг хэлэлцэхэд санал нийлэхгүй олон асуудал гарсан байна.
Тус хуралд оролцсон УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбат “Сэжигтнийг прокурорт танилцуулаагүй, прокурорын шийдвэргүйгээр хойшлуулашгүй тохиолдолд баривчилсан асуудал байхгүй, Цагдан хорих төвийн тоо бүртгэлийн ажилтнууд тухайн үед ажлын ачааллаас шалтгаалан шүүхийн шийдвэрийг хоригдогчийн хувийн хэрэгт хийгээгүй байсан, үндэслэлгүйгээр хугацаа хэтрүүлэн хорьсон тохиолдол байхгүй, ХҮЭК-ийнхон шалгалт хийхдээ хариуцлагагүй хандсан. Тиймээс Хүний Эрхийн Үндэсний Комисс болон ШШГЕГ-ын хооронд үл ойлголцол үүсээд байна. Хойшид ийм байж болохгүй” гэсэн юм.
Харин Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга Д.Дамдинцэрэн “Прокурорын шийдвэр, шүүгчийн захирамжгүйгээр хүнийг үндэслэлгүй хорих ямар ч боломж байхгүй, тоо бүртгэл дээр 5 хүн ажиллах ёстой ч дээрх шалгалтыг хийх үеэр хоёр хүн ажиллаж, хүн хүч хүрэлцэхгүй байснаас цагдан хорих тухай захирамжийг хоригдож буй хүний хэргийн материалд хавсаргаагүй байсан” гэсэн тайлбарыг хийсэн юм. УИХ-ын гишүүд хуралдааны үеэр хоригдож буй хүний хугацааг сунгасан тухай шийдвэрийг танилцуулдаг эсэх, тэнд хоригдож буй хүмүүсээс гадна тус хорих ангид ажиллаж буй хүмүүсийн сэтгэл зүйн болон нийгмийн асуудалд хэрхэн анхаарч буй талаар тодруулсан байна. Мөн Хууль зүйн байнгын хорооны гишүүд өнгөрсөн долоо хоногт 461 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд шалгалтын дүн болон Хүний эрхийн дэд хорооны тогтоолоор УИХ-ын гишүүн Ж.Батзандангаар ахлуулан байгуулсан сэжигтэн, яллагдагчийг баривчлах цагдан хорих, хорьж мөрдөх хугацааг сунгах, энэ төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийж, дүнг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг ирэх хуралдаанаар нэгтгэн хэлэлцэж Байнгын хорооны тогтоол гаргах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байна.
Мөн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын Шадар зөвлөх Ц.Бямбацогт Цагдан хорих 461-р ангийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Танилцах явцад баривчлах, хорих ажиллагааны өнөөгийн байдал, ахуй нөхцөл, тулгамдсан асуудлын талаар ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүү, Цагдан хорих 461-р ангийн дарга Д.Дамдинцэрэн нарын дэлгэрэнгүй мэдээллийг сонсож цаашид анхаарах асуудлын талаар тодорхой үүрэг чиглэл өгөв. Танилцах ажиллагаанд УЕПГ, Нийслэл, Дүүргийн прокурорын газрын хяналт хариуцсан удирдах прокурорууд оролцлоо.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)