Энэ сарын 25-нд Балбад аймшигт газар хөдлөлт болсноос хойш долоон өдрийн дараа нуранги дороос нэгэн эрэгтэйг аварчээ. Хамгийн сонирхолтой нь аврагдсан хүн 101 настай өвөө байсан аж. Нас дээр гарсан Фунчу Тамангийг өнгөрсөн бямба гарагт Катмандугаас баруун хойд зүгт 90 км орчимд нурангиас гаргасан бөгөөд тэрээр бага хэмжээний шарх авсан байжээ.
Одоо түүний биеийн байдал тогтвортой байгаа гэлээ.
Нурангиас олон зуун хүнийг аварч байгаагийн дунд Фунчу Таманг шиг ховорхон азтай хүн хэд хэд байгаа билээ. Өмнө нь гурван ихэр ах дүүс болон дөрөвхөн сартай нярайг нуранги дороос аварсан тохиолдлууд гарсан.
Балба газар хөдлөлтийн улмаас эдийн засаг, хүн амын хувьд ихээхэн хохирол амсаж байна. НҮБ олон улсуудыг Балбад туслахыг уриалж байгаа билээ. Одоогийн байдлаар 20 гаруй орны аврах багийнхан нуранги дороос хүмүүсийг гаргах, эрж хайх ажиллагаанд оролцож байна.
Г.Үжин