Монголд дахин нэг шинэ нам төрөв. "Хөгжил-Хүн Клуб" нэртэйгээр иргэдэд танигдсан тус улс төрийн хүчин саяхан их хурлаа хуралдуулж "Хөдөлмөрийн үндэсний нам" нэртэй намыг байгуулах шийвэрийг гаргажээ.
Тус нам нь нийт 14 клубийн 20 гаруй салбарын мэргэшсэн боловсон хүчнүүдээс бүрджээ. Одоогийн байдлаар 1500 гишүүнтэй бөгөөд дахин 10.000 гаруй гишүүн элсүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ.
Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргил энэ талаар ярихдаа “21-р зууны улс орнууд өндөр барилга барьж өрсөлдөхөөсөө илүү хүнээ хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг болсон. Учир нь бүх талаар хөгжсөн ард иргэдтэй улсад хөгжил, бүтээн байгуулалт аяндаа ирдэг. Тиймээс манай нам Монгол үндэстний хөгжлийн “Хүн Дээд” үзлийг баримтлан хүнээ хайрлаж, хүнээ хамгаалж, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар орчин цагийн шинэ Монгол хүнийг төлөвшүүлэхээр болсон. Сүүлийн 20 жилд хүний хөгжлийг хаяж ирсэн байна” гэв.
Тэрбээр мөн Хүн дээл үзэл нь Монгол хүнийг идэх хоолтой, орох оронтой, эрүүл байх, сурч боловсрохоор хангагдсан, хүрэлцэхүйц орлоготой байлгахыг хэлнэ. Нийгмийн хөгжлийн явцад монгол хүнийг хаяхгүй, үнэгүйдүүлэхгүй, орхихгүй байх нь манай намын хүсэл юм. Хүнээ хөгжүүлж дахин төлөвшүүлж чадсанаар л бид улсөө хөгжүүлж чадна гэсэн юм.
Хөдөлмөрийн үндэсний нам нь зүүний чиглэлийнх байх бөгөөд бие даасан мэргэжлийн институц байхаараа онцлогтой аж.
Ингээд тус намын дарга С.Боргилоос намынх нь үйл ажиллагааны талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Монголд улс төрийн нам багадаагүй. Энэ олон намаас танай нам юугаараа ялгарах бэ?
-Энэ улс орныг өөрчилье гэвэл одоо мөрдөгдөж байгаа хуулийнхаа дагуу улс төрийн нам байгуулж ажиллахаас өөр арга байхгүй. Бид клубийг байгуулаад 9 сар болж байна. Уг нам клубуудын үндсэн дээр байгуулагдсан юм. Өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн чуулганы дараа бид улс төрийн хүчин болохоо зарласан. Харин одоо улс төрийн нам болж байна. Улс төрийн намуудын тоо нь олшироод тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулдаггүйтэй холбоотой. Мөн улс төрийн нам өөрсдөө нийгэмд сөрөг имиж бүрдүүлчихсэн. Бидний хувьд институц байгуулж байгаа юм. Хэн нэгэн болон хэсэг бүлэг хүмүүсээс хамаарахгүй. Энд эрүүл, саруул уур амьсгалын тогтолцоонд тулгуурладаг байгууламж ажиллаж байна. Үүгээрээ бид бусдаас ялгарна. Бас боловсон хүчний маш их чадавхитай.
-Намын санхүүжилтын асуудлыг яаж шийдэх вэ?
-Бид намын гишүүнчлэлийн татвараар санхүүжинэ. Бид сонгуульд илүү шударга нээлттэй оролцох учраас одоогийн намууд шиг их мөнгө шаардлагатай гэж бодохгүй байна. Бид санхүүжилтыг ил тод байлгахад анхаарлаа хандуулж ажиллана.
-Улс төрийн ажлын хүрээнд туршлага хуримтлуулсан гишүүд танай намд байгаа юу?
- Заавал улс төрийн туршлага гэхээсээ илүү салбар бүрийн мэргэжлийнхний бодлого хэрэгтэй байна. Манай гишүүд дунд улс төрд танигдсан хүн байхгүй.
- 2016 оны сонгуульд ямар арга барилаар оролцох вэ?
- Бид улс төрийн шинэ зарчим, соёлыг бий болгоно. Өнөөдрийн явж байгаа тоглоомын дүрэм бол мөнгөн дээр л явагдаж байна. Бид ойрын хугацаанд ард иргэдээс санал авч мөрийн хөтөлбөрөө дахин шинэчилнэ.
-Сонгуулийн тухай хуулийг ямар байдлаар батлагдаасай гэж хүсч байна?
-Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсэгт орж ажиллаж санал, бодлоо дамжуулах хүсэлтэй байна.
Т.Хулан
Сэтгэгдэл (21)