Орчин үеийн хүмүүс өөрийнхөө тийм байгаасай, эсвэл тийм л байгаа болов уу гэсэн бодлоо яг бодит мэтээр төсөөлөх улмаар сэтгэж түүндэ итгэх нь элбэг. Яагаад гэхээр учир шалтгааны мөн чанарыг огтхон ч сонирхоогүй хэрнээ ихэвчлэн ам дамжсан яриагаар өөрийнхөө мэдлэгийн хүрээг тэлсэн байдаг. Тиймээс хүмүүсийн хамгийн түгээмэл төөрөгдлөөс цөөхнийг жишээ болгон сонирхоё.
1. Хүйтэн хуурай агаар хамаг өвчний шалтгаан
Ханиад хүрч хатгаа тусах хамгийн гол шалтгаан нь хүйтэн агаар гэх нь бий. Гэвч үнэндээ тийм биш. Өвчнийг үүсгэгч нь нян юм. Ер нь гадаа бус гэртээ ихээхэн бүгсэн хүнд л хамгийн түрүүнд ханиад туссан байх нь элбэг. Тэгээд ч цаг агаар муудлаа гээд хүн бүхэн л гэрийн зүг яардаг шүү дээ. Гэхдээ хүйтний улиралд хүний дархлаа мууддаг. Тиймээс өвлийн хүйтэнд ханиад туссан бол гадуур гарахаа ямар ч байсан тодорхой хугацаагаар багасгах хэрэгтэй.
2. Үсээ хусуулсны дараа урт ургадаг
Ийм төөрөгдөлийг ихэвчлэн эмэгтэйчүүд тээж явдаг. Тэр ч бүү хэл үсээ сахлын тонгорогоор хусуулсны дараа хурдан ургаж, тас хар өнгөтэй болдог хэмээн ярьдаг. Тэгвэл өөрийнхөөрөө байгаа үс конус хэлбэртэй байдаг бөгөөд хуссаны дараа өөр хэлбэртэй болсноор арай өтгөн, өнгө нь хар болсон юм шиг сэтгэгдэл төрүүлдэг байна. Мөн жамаараа ургаж буй үсэнд нарны гэрлийн нөлөө нэлээд орсон байдагтай ч бас холбоотой юм.
3. Таван салаа шарх эдгээдэг
Шархандаа таван салааны навчийг зажлаад түрхэхэд хоромхон зуур эдгэдэг тухай яриа оргүй худал зүйл. Харин ч эсрэгээрээ шарханд халдвар оруулах магадлал маш өндөр. Ягаад гэхээр таван салаа ихэвчлэн замын ойролцоо ургадаг учраас элдэв зүйлээр бохирдсон байх тохиолдол тун элбэг.
4. Явж зүүдэлдэг хүмүүсийг сэрээж болохгүй
Ийм хүмүүсийг сэрээж болохгүй биш харин ч заавал сэрээх ёстой. Тэгэхгүй бол явж зүүдэлдэг хүмүүс элдэв юм руу орж бэртэл гэмтэл авах талтай. Харин сэрээхдээ маш болгоомжтой хандах нь чухал. Айлгаж цочоож огт болдоггүйг анхаараарай.
5. Сөлөр харснаар сөлөр болдоггүй
Хүүхдүүдийг аав ээж нь сөлөр хараад байвал сөлөр болно шүү хэмээн айлгадаг. Ер нь ямар нэг зүйл дээр хараагаа төвлөрүүлэхийн тулд хамрынхаа үзүүрийг харах нь жирийн зүйл юм. Сөлөр харна гэдэг хоёр нүд огт өөр өөр зүйл дээр фокус авахыг хэлдэг. Ингэхэд төв мэдрэлийн системийн өөрчлөлт, хүнд гэмтэл бэртэл, зарим өвчнөөс үүдээд сөлөр болдог байна
6. Үхлийн дараа үс хумс ургасаар байдаг
Энэ бас л үлгэр домог, ор хоосон яриа. Бодит байдал дээр хүн үхсэний дараа үс болоод хумсны ургалт нь бүрэн зогсдог. Гэхдээ ийм хоосон яриа гарах үндэс бий. Яагаад гэхээр цогцсыг нэлээд хугацааны дараа дахин үзэхэд үс хумс нь арай урт ургасан мэт харагддаг нь түүний мах уусан алга болж буйтай холбоотой юм.
7.Бүдэг гэрэлд ном унших хараанд муу
Мөн л худал яриа. Унших үйл явцыг хүндрүүлдэг болохоос хараанд муу биш. Гэхдээ нүдэнд ихээхэн ачаалал өгдөг нь үнэн. Ачаалал авдаг учраас ядрах нь зүйн хэрэг юм. Гэхдээ хараанд огтхон ч нөлдөөлдөггүй.