Үндэсний олон нийтийн Радио, Телевизийн захирал Ц.Оюундарь өөрийн цахим хаягаар дамжуулан ноцтой мэдээллийг хийсэн нь олны анхаарлыг татаад байна.
Тэрбээр твиттер хуудаснаа “Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн “бэлэг”. “Эрдэнэс Тавантолгой”-н захиалгат нэвтрүүлгийг надад мэдэгдэхгүйгээр програм эвдэж Үндэсний телевизээр гаргахыг үзэв. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр супер сюрприз барьсан З.Энхболд, Д.Энхтуяа нартаа баярлалаа. Хэвлэлийн эрх чөлөөний талаар хэлэлцүүлэгт орж өдөржин ярьж явж ирээд эфирээ үзтэл Boom!. Зарлагдаагүй захиалгат нэвтрүүлэг. Байдал ийм л байна. “Олон нийтийн Радио, телевиз тэнцвэртэй мэдээлэл гарга” гэж З.Энхболд та дандаа хэлдэг. Хянах нэг арга нь хөтөлбөр батлах явдал. Дураар эвдээд байвал хянах аргагүй. Олон нийтийн Радио, телевизийн Удирдах зөвлөлийг УИХ баталдаг. Иймд олон нийтийн телевизийн захирал эфир эвдэн дураараа загнасныг таньд дуулгах гэж хаягт тань mention хийсэн байгаа. Постууд үзнэ үү. Зарлагдсан хөтөлбөр гэдэг манайхны хувьд хууль. Эфирт гаргасан зөрчлийнх нь төлөө ажилтныг халдаг. Гэтэл зөрчих нь бүү хэл эвдэж. Нэг их чухал царайлаад олон улсын төлөөлөгчтэй хэвлэлийн эрх чөлөө ярьж байх хооронд халдашгүй хөтөлбөрт маань халдлага оржээ. Батлагдсан хөтөлбөрийг эвдэнэ гэдэг эфирийн хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үг. Ийм учраас хууль тогтоогч З.Энхболдын хаягт дурдсан юм” гэх зэргээр бичжээ.
Эндээс харвал УИХ-ын дарга З.Энхболд өөрийн “хүн” Д.Энхтуяагаар дамжуулан Үндэсний телевизийн эфирийн цагийг эвдүүлэх гэж оролдсон болж таарах нь Цаашлаад “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиалгат нэвтрүүлгийг явуулах гэсэн байна. Харин Ц.Оюундарь тус нэвтрүүлгийг өөрт нь мэдэгдэлгүй олон нийтэд цацах гэж байсныг мэдээд бухимдсан нь энэ. Уг нь З.Энхболд чуулганы хуралдааныг даргалагч. Гэтэл сүүлийн үед түүнд сонирхохгүй салбар, оролцохгүй ажил, оролдохгүй байгууллага гэж байхгүй болсон бололтой. Бүр телевизийн ажилд хүртэл оролцож эхэлсэн нь энэ.
МҮОНРТ-д түүний гэх тодотголтой хүн олон байдаг нь нууц биш. Ц.Оюундарийг ч тэр өөрөө томилсон. Магадгүй намын дарга болонгуутаа хийсэн анхны томилгоо нь энэ байсан байх.
Гэтэл одоо эргээд Ц.Оюундарьтайгаа таарахаа больж эхлэв.
Гэхдээ УИХ-ын дарга Үндэсний телевизийг өөрийн өмч мэтээр захиран зарцуулах гэж оролдож буй нь хууль, дүрэм зөрчсөн хэрэг юм. Цаашилбал телевизийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох гэсэн нь тус байгууллагын үйл ажиллагааг үл хүндэтгэсэн хэтэрхий бүдүүлэг явдал болсон гэж хэлж болно.
Нөгөөтэйгүүр УИХ-аар хэлэлцэгдээд шийдэгдчих асуудлыг захиалгат нэвтрүүлэг болгож олон нийтэд цацах шаардлага яагаад гарав.
Үүнээс үзвэл тэрбээр Тавантолгойн 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” компанид эзэмшүүлэх гэж улайран зүтгэж буй бололтой. Улмаар “Энержи Ресурс”-ыг шахаж гаргах гэснийх гэж олон нийт хардаж байна.
Тэрбээр “Тавантолгой”-н гэрээг хэд, хэдэн удаа гацаасан. Арай хийж УИХ-аар хэлэлцүүлэх гэтэл одоо хэлэлцэх эсэхийг шийдэх ажлын хэсгийг гаргаад байгаа. Нөгөө ажлын хэсэгт нь өөрийг нь тойрон хүрээлэгчид буюу Тавантолгойн гэрээг зогсоох зорилготой хүмүүс багтан ажиллаж буй. Тус ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг л гэхэд “Өртэй компанийг /Энержи Ресурс/ Тавантолгойн гэрээнд оролцуулах эсэхийг судалж байна” хэмээн яриад явж байх жишээтэй. Ингэж УИХ нь Засгийн газрын үйл ажиллагаанд хэтэрхий оролцож өмнөөс нь ажлыг нь хийж болдог ч юм уу үгүй ч юм уу.
З.Энхболд намын Гүйцэтгэх зөвлөлөөрөө Тавантолгойн ордын 51 хувийг “Энержи Ресурс”-т бус Эрдэнэс Тавантолгойд эзэмшүүлэх нь зөв гэсэн шийдвэрийг гаргуулсан. Одоо үүнийгээ ажил хэрэг болгохын тулд олон нийтэд нөлөөлөх ажлыг хийх гэж оролдсон нь өөрийг нь эфир эвдсэн хэрэгт унагаж байна.
Ер нь түүнд оролцохгүй ажил гэж байхаа больж. Энэ бол маш аюултай үзэгдлийн илрэл. Ганц хүн бүх салбарт оролцож нөлөөллөө үзүүлээд байвал юу болохыг надаар хэлүүлтгүй мэдэх биз. З.Энхболд намын дарга болонгуутаа бүх эрх мэдлийг өөртөө авахаар зүтгэж эхэлсний илрэл энэ гэдгийг ч улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Түүний ингэж аашлах болсон нь 2017 оноос эхлэн нэгдүгээр хүн болох төлөвлөгөөтэй нь холбоотой гэж олон нийт үзэж байгаа юм. Тодруулбал тэрбээр Ерөнхийлөгч болоход бэлдээд эхэлчихэж. Түүний хувьд өнгөрснөөс одоог хүртэл АН дотроо хоёрдугаарт явж ирсэн хүн. Сайдын ажил ч хийж үзээгүй. Харин түүний дэргэд Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар хэд, хэдэн удаа Засгийн газрын сайдаар ажиллаж үзсэн туршлагатай. Тэд З.Энхболдоос насаар залуу ч улс орны хувь заяатай холбоотой өндөр албан тушаалыг хашиж ирсэн гэдэг. Тиймдээ ч эдийн засгийн нөхцөл байдал аж, ахуйн ажлын жаргал зовлонг мэдэхийн дээдээр мэднэ. Харин З.Энхболд үүнийг биеэр үзэж туулаагүй учраас төсөл хөтөлбөрүүдийг гацааж байна гэж олон нийт үзэж байна.
Сүүлийн үед түүнийг асуудалд хэтэрхий улс төржиж ханддаг болсон гэх шүүмжлэл ч их явах болсон. Тодруулбал, гишүүдийн өргөн барьсан хуулийг намаар нь ялгаварлан хэлэлцүүлэхгүй хав дардаг гэх гомдлыг МАН-аас эхлээд “Шударга ёс” эвслийн бүлэг хүртэл тавиад байгаа.
Ер нь З.Энхболдыг УИХ-ын чуулганы хуралдааныг даргалагч гэдгийг нь сануулах хүн өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.
Т.Хулан
Сэтгэгдэл (41)