МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж үндсэн гурван асуудлыг хэлэлцсэн байна.
Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй хэмээн үзжээ.
Энэ талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “МАН Засгийн газарт хамтрахдаа улсаа бодлоготой хөгжүүлье гэж Ардчилсан намтай гэрээ байгуулсан. Мөн УИХ намрын чуулганаараа Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг баталсан. Түүнд хөрөнгө оруулалт татъя, Оюутолгой, Тавантолгой төслүүдээ урагшлуулъя, ингэхдээ Монгол Улсын язгуур эрх ашигт нийцүүлж, төслөө хөдөлгөе, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгоё, зарим импортын бараанд татвар ногдуулъя гэх мэтчлэн эдийн засгийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд олон зүйлийг тусгасан. Гэвч энэ чиглэлийн ажил урагштай биш, нөгөөтэйгүүр, аж ахуйн нэгжүүдийг хяналт шалгалтаар далайлгах замаар дарамт багасахгүй байгаа тул бодлогоо эргэж харах шаардлага байна" гэв.
Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүд байна. Энэ талаар бүлгээс гаргасан шийдвэрийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа танилцууллаа.
Тэрбээр мэдээлэлдээ “Энэ хүрээнд төсвийн зарлагыг 116.4 тэрбум төгрөгөөр бууруулахаар оруулж ирсэн нь бодитой хэмээн үзсэн байна. Гэхдээ Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30 хүртэл хувийг орон нутагт үлдээх заалт оруулж ирсэн нь оновчгүй. Уг хууль батлагдсан нөхцөлд хөрөнгө гарын салаагаар урсах замыг нээж өгнө. Нөгөө талдаа Засгийн газар эдийн засгийн хямралыг даван туулах зөв гарцыг одоо хэр нь олоогүй байна. Гэхдээ Төсвийн хүрээний мэдэгдэл зөв голдрил руугаа орж байна гэж үзэх үндэс байна. Цаашдаа бид төсвөө эрүүл саруул болгохын тулд төсвийн алдагдлаа бууруулж, анхнаасаа алдагдалгүй төлөвлөхийг зорих ёстой. Төсвийн өрийн хэмжээг бууруулах хэрэгтэй. Тухайлбал нийслэл болон бусад газруудад хэдэн тэрбумаар цэцэг, ногоо тарьдагийг болох ёстой. Мөн сумын төвүүдэд хэдэн 10 саяар шон босгож гэр барьдаг, үнэтэй жорлон ванн барьдгаа болих хэрэгтэй. Чадан ядан олж байгаа хөрөнгөө судалгаа, шинжилгээн дээр үндэслэн зөв зохистой зүйлд зарцуулах бодлогоо гаргаж ирэх нь зүйтэй. МАН-ын бүлгээс Засгийн газарт бодлогын алдаагаа засч, эдийн засагчид, дэлхийн банк, Валютын сан, эдийн засгийн зөвлөхүүдийн өгч байгаа зөвөлгөөг бодлогодоо тусгах ёстой гэж үзэж байна” гэв.
Т.Хулан
Сэтгэгдэл (3)