Балбын аймшигт газар хөдлөлтөөс амьд гарсан эмэгтэйчүүд дахин аюулд өртсөн тухай “BBC” агентлаг мэдээллээ. Тодруулбал тэдгээр азтай бүсгүйчүүд аврах багийнхны дүрд хувирсан хүний наймаачдын бай болж байгаа аж.
Тус улсын албаны эх сурвалжийн мэдээлснээр нийт 10 мянга гаруй залуу эмэгтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн байна. Гэвч тэднийг Азид сүлжээгээ үүсгэсэн хүний наймааны томоохон бүлэглэлүүд агнаж эхэлсэн гэх хардлага эхэлжээ. Учир нь хэд хэдэн залуухан эмэгтэй газар хөдлөлтөөс аврагдсан боловч дахин сураггүй болсон тухай мэдээлэл ирсэн байна. Мөн Балбын биш, олон улсын туслах аврах багийнхан ч биш өөр бүлэг залуус дүрэмт хувцсаар жигдрэн аврах анги хэмээн явсан тухай тус улсын Цагдаагийн газраас анхааруулжээ.
Энэхүү мэдээллийн дараа НҮБ болон орон нутгийн ТББ-ууд Балбын хүний наймааны асуудлаар тодорхой мэдэгдэл хийж, охид эмэгтэйчүүдийг сонор сэрэмжтэй байхыг санууллаа.
Тус улсад жилд 12-15 мянган эмэгтэй хүний наймааны хохирогч болдог байна. Балба эмэгтэйчүүдийг ихэвчлэн Өмнөд Солонгос, Өмнөд Африкт худалдаалдагч тэдний очдог эцсийн гол төв нь Энэтхэгийн эмсийн хүрээлэнгүүд хэмээн НҮБ тодотголоо.
7.8 баллын хүчтэй газар хөдлөлтөөр 7000 гаруй хүн амиа алдаж, 15 мянган хүн гэмтэж бэртсэн билээ.
Г.Үжин