Эрт урьд цагт биш энэ үед олон хүүхэдтэй ядруухан амьдралтай нэгэн архичин гэр бүлийн хамтаар амьдран суудаг байж. Архичин нэг өдөр найзуудтайгаа наргиж яваад гэнэт сэтгэл нь хөөрч тэднийгээ гэртээ урьжээ. Үүнийгээ эхнэртээ ч дуулгаж, найзуудыг нь угтаж авахад бэлтгэ гэж тушаасан байна. Гэтэл олон хүн нэг дор хүлээн авч дайлж цайлах нь битгий хэл хоногийн хоолоо яая даа гэж байсан төсөв, санхүүгүй эхнэр нөхрийнхөө саналд дотроо дургүй байсан ч дуртай юм шиг хүлээж авчээ. Гэхдээ нэгэнт урилга тараачихсан бас дээрээс нь гэр бүлийн нэр хүнд хайран байсан тул эхнэр чадлынхаа хэрээр чардайж нөхрийнхөө найзуудыг хүлээн авах их ажилд бэлтгэн хамаг байдгаа тавьж тууна. Нэмж бас зээл авна. Гэр орны хүндхэн төсвөө улам хоосолж дайллага, цайллагад бэлтгэнэ. Ингэснээр тус гэр бүлийн санхүү улам хүндэрч байв. Нөхөр бодит нөхцөл байдлаа харахгүйгээр цаашилбал эхнэртэйгээ ярилцаж зөвшилцөлгүй зүгээр л сэтгэлийн хөөрлөөрөө найзуудыгаа гэртээ урьсан нь эргээд өөрсдөд нь дарамт болсон хөгтэй, гашуун түүх энэ аж.
Яг энэ түүхтэй адил үйл явдал энэ жил Монголд өрнөж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн онд Италийн Милан хотноо болсон Ази-Европын Дээд хэмжээний 10 дахь удаагийн уулзалтад оролцох үеэрээ хөөцөлдөж байгаад 2016 онд АСЕМ-ыг Монголд зохион байгуулах эрхийг авав. Гэхдээ түүнийг гай, гавъяа хоёрын альнийг нь байгуулсныг хэлэхэд төвөгтэй болов. Тэрбээр ар гэрийнхээ нөхцөл байдлыг ч бодолцож үзэлгүй найзуудыгаа урьсан нь өнөөдөр Монголын хүндхэн байгаа эдийн засагт бүр дарамт болж эхэллээ.
АСЕМ-ын уулзалт болоход жил хагас хүрэхгүй хугацаа үлдээд байна. Манай улс уг хурлыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийг байгуулсан. Ерөнхий сайдаар ахлуулсан уг зөвлөл нүсэр том аппараттай бөгөөд хурлын ажлыг олигтойхон зохион байгуулчих юмсан хэмээн хамаг юмаа барьж гүйж байна.
Одоогийн байдлаар л гэхэд зочид төлөөлөгчдийг байлгах 34 зочид буудалд л гэхэд 197 тэрбумыг зарцуулна гэсэн мэдээлэл байна. Мөн үйлчилгээний чанарын гол хүчин зүйл болох ажиллах хүчний тал дээр төрөлжсөн 12 чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх, мэргэшүүлэх, үйлчилгээний сургагч менежер бэлтгэхэд чиглэсэн сургалтуудыг төр засгийн зүгээс үнэгүй зохион байгуулах гэнэ. Эдгээр зардлууд цаашид улам өсөх нь тодорхой.
АСЕМ шиг нэр хүндтэй уулзалтыг эх орондоо зохион байгуулахад болохгүй зүйл үгүй. Гэхдээ одоо бидэнд Ази болон Европ тивийн 53 улсыг хамардаг дэлхийн хэмжээний томоохон арга хэмжээг амжилттай зохион байгуулах төсөв, хөрөнгө материаллаг бааз нь байна уу гэдгийг бас бодолцох хэрэгтэй. Өнөөдөр улсын сан улайж төрийн албан хаагчдынхаа цалинг ч тавьж чадахгүй хэмжээнд хүрчихээд байгаа нь бодит үнэн. Уг нь Ерөнхийлөгч ядаж Оюутолгой, Тавантолгой нь үр өгөөжөө өгөөд эхэлчихсэн эдийн засгийн хүндрэлд ороогүй цаг, төр тайван сайхан байх үед найз нарыгаа гэртээ урьсан бол эргээд өөрийнх нь нэр хүндэд сайнаар мэдэх байсан юм.
Хэрвээ ийм том арга хэмжээг гадны өндөр дээд хэмжээний зочдын сэтгэл хүрэхгүй цаашлаад муу зохион байгуулбал Монгол нэр хүнд улам л унана. Муу зохион байгуулж олны өмнө онигоо болж байснаас зохион байгуулаагүй нь дээр ч байж мэдэх юм. Уг уулзалтад 4,500 хүртэл зочид ирэх бөгөөд дэлхийн 50 орчим орны төрийн тэргүүнүүд айлчилна гээд бодоход бид үнэхээр дээд зэргийн түвшинд нь зохион байгуулах хэрэгтэй болж байна.
Энэ уулзалт бол Монгол улсын нэр хүнд, хариуцлагын томоохон шалгуур. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Энэхүү уулзалтыг амжилттай зохион байгуулснаар Монгол Улсын гадаад нэр хүнд улам өсөн бэхжиж, гадаадаас манай улсыг зорих ажил хэргийн хүмүүс, жуулчдын тоо нэмэгдэж, улсын эдийн засгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой” гэж хэлэв.
Гэхдээ үүнээсээ өмнө дэлхийн олон орны өмнө булайгаа тарих гээгүй бол АСЕМ болон бусад хандивлагч орнуудад хүсэлтээ гарган шаардлагатай санхүүжилт, техникийн туслалцаа авч ажилдаа яаравчлахгүй бол болохгүй нь.
Бодит байдлыг харахад бид 53 орны төрийн тэргүүн 4500 өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдийг хүлээн авахад ямар бэлтгэлгүй байгаа аж. Тухйайлбал, тэднийг хүлээн авах нисэх буудал, хоноглуулж амраах зочид буудал, хамгаалалтын тогтолцоо, үйлчилгээний унаа машины юуг ч бэлдээгүй байна.
“Буянт-Ухаа” нисэх онгоцны буудал л гэхэд тоног төхөөрөмж авах, зам талбайгаа засч янзлах 43 тэрбум төгрөг хэрэгтэйг салбарын сайддаа дуулгажээ. Харин тэр мөнгийг нь өгөх боломжгүй гэдгийг Сангийн яамнаас дуулгасан байна. Шинээр баригдаж буй Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал АСЕМ-ын уулзалтаас өмнө дуусахгүй тул зочдыг “Буянт-Ухаа” буудалд хүлээж авахаар өөр аргагүй юм байна. Гэтэл 53 улсын Төрийн тэргүүний тусгай үүргийн онгоцыг хүлээж авах чадал нь манай нисэх онгоцны буудалд байхгүй байна.
Ажлын хэсгийнхний хэлж буйгаар 70 орчим тусгай үүргийн нислэг ирэх тооцоотой байгаа гэнэ. Харин манай нисэх буудал шороон талбайгаа оруулаад 18 онгоц л байрлуулах зай талбайтай гэж ярьж байна. Тэгэхээр одоо яах вэ. Сангийн яамнаас мөнгө өгөхгүй бас Хөшигтийн хөндийн онгоцны буудал нь амжиж ашиглалтад орохгүй.
Бас нэг асуудалтай зүйл нь ирсэн зочдыг байрлуулах зочид буудлын хүрэлцээний асуудал юм. Төрийн тэргүүнүүд ёслолын протокол, дэг жаяг, хамгаалалтын журмын дагуу Президент болон Люкс өрөөнд байрлах ёстой. Нийслэлийн аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотын зочид буудлын зэрэглэлийг асуухад “Таван одтой зочид буудал 4, дөрвөн одтой нь 5 байдаг” гэнэ. Эдгээр буудлын ерөнхийлөгчийн өрөө нийлээд ердөө 9 аж. Гэтэл ирэх зочид маань 53.
Энэ мэт бидэнд шийдвэрлэх шаардлагатай олон ажлууд байна.
Ерөнхийлөгч телевизэд ярилцлага өгөхдөө тус арга хэмжээнд зориулан 50 тэрбум төгрөгийн төсөв УИХ-д оруулаад 5 тэрбумыг батлуулсанаа өгүүлсэн. Энэ нь түүний аливаа асуудалд тооцоо судалгаагүй хандсаны гор. Үнэхээр улсын эдийн засгийн байдал ийм л байгаа.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (54)