Удаан хүлээлгэсэн Тавантолгойн нүүрсний ордыг ухах төсөл УИХ-ын дарга З.Энхболдоос болж нам зогсов. Янз бүрийн л учир шалтгаан байгаа бололтой. Ер нь жаахан мордохын хазгай гэдэг шиг юм эхнээсээ цухалзаж байсан л даа. Наад зах нь энэ гэрээний төслийг хийсэн сайд М.Энхсайхан энд ард түмнээсээ нуух юм байгаа талаар ярьж гайхшруулав. Гэвч энэ нь гайхшруулах зүйлийн зөвхөн эхнийх нь байлаа. Тэрбээр жинхэнэ, хуурамч гэж хоёр гэрээ байгаа тухай өгүүлж, юм мэддэг байтугай, юу ч мэддэгүй шахам нэгнийхээ амыг ёстой нэг ангайлгаж орхих нь тэр. Ингэхэд жинхэнэ, хуурамч гэрээ нь чухам яг хэн, хэнд зориулагдсан тухай ямар нэгэн тайлбар хэлсэнгүй. Ард түмнээ хулхидах гэрээ байв уу, эсвэл хятадуудыг уу гэдэг нь тодорхойгүй үлдэв.
Ерөнхийдөө MSC-ийн Ж.Оджаргалаар дамжсан АН, МАН-ын бүлэглэл буюу Ц.Мөнх-Оргил, С.Баярцогт, Ч.Сайханбилэг гэх маш олон хүнтэй бүлэглэлийн энэ гэрээг батлуулах “Цахилгаан дайны” төлөвлөгөө нуран уналаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийн намынхандаа бөөн уур. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч бухимдаад сүйд. Ерөнхийдөө Оюутолгойн араас орох байсан Тавантолгойн энэхүү гэрээний нарийн ширийнийг манайхан маш сайн мэдэх болсон учир эдүгээ энэ тухай дурдах нь илүүц зүйл. Харин одоо хэрэг явдал хэрхэн цаашаа өрнөх вэ гэдэг л хэн хүнд тун сонин байна.
Өдгөө Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар цалин тавих мөнгөгүй болж байгаа тухай мэдээ хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цухалзаж эхэллээ. Энэ бол жам ёсны зүйл. Мөн мөнгөгүй дээ ч биш. Харин “Тавантолгой” ажиллагаа нь нуран унасны эсрэг авч буй гүрэн дамнасан энэ бүлэглэлийн авч буй эхний арга хэмжээ. Цаашид энэ чиглэлээр УИХ болоод түүний даргын эсрэг чиглэх “борооны” зөвхөн эхний дуслууд. Одоо удахгүй тэтгэвэр, тэтгэмж олгох мөнгөгүй болсон тухай зарлаж эхэлнэ. Ингээд яваандаа төсвийн болоод төрийн байгууллагын ажилтнуудын цалин, хөгшдийн тэтгэвэр, эмзэг хэсгийн халамжийн мөнгийг үнэхээр өгөхгүй. Тэгээд УИХ-ын дарга энэ гэрээг зогсоож, УИХ батлаагүй хугацаа алдсанаас мөнгөгүй болсон тухай тайлбарыг баруун солгойгүй савна. Хэвлэлүүдийг шуугиулна. Шуугина ч.Төсвийнхний уур хүрнэ. Хөгшчүүдийн уушиг сагсайж эхэлнэ. Хаврын нөгөө бидний юу хөдөлнө. Цалин, тэтгэвэр тавихгүй болохоор худалдаа үйлчилгээнийхний орлого буурна. Бас л уур нь хүрч эхэлнэ. Ер нь хямрал гэдэг юмаар хаадаг байсан бүх асуудлууд “Тавантолгойн гэрээ” гэдэг харьяалалтай болно. Бид жагсана. Жагсаана. Ингээд ерөнхийдөө Тавантолгойг санаснаараа хөдөлгөхгүй юм аа гэхэд З.Энхболдоос хариугаа авах арга нь энэ болно. Бас энд Ерөнхийлөгч оролцохыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ нэг их ил гараад байхгүйгээ тэр мэднэ. Мөн саяхнаас оросууд хятадуудад нүүрсээ зараад эхэллээ, манайхны байж байгаа царайг хар гэсэн маягтай мэдээ цацагдах болсон байна лээ. Энэ бол нөгөө л “борооны” үргэлжлэл. Энэ бороо “түймэр дэгдээд” байгаа АН болон УИХ дээр тун удаанаар үргэлжлэн орох магадлалтай. Зарим нь түймэрт өртөөд “гэр оронгүй” болох нигуур бий. Цалин тавих мөнгө байхгүй гэдгийн цаад зорилго нь ердөө л энэ.
Өнөөдөр Тавантолгойг гадаадынханд бэлэглэж, хэдхэн хүн цулайтал баяжих гэж байсан гэх гэрээг эсэргүүцэж буй Иргэний хөдөлгөөн ганц ч алга. Энэ ч бас учиртай. Ард түмний төлөөлөл болсон, авилга энэ тэр гэхээр хавирга нуруу нь загатнаад байдаг эрхэм гишүүд таг чиг. Ганц нэг хүн л дуугарч байх шиг. Иргэний хөдөлгөөнийхөн л гэхэд Ноён уулынхантай үзээд завгүй байна уу гэтэл үгүй. Харин энэ үеэр М.Энхсайханыг баатар болгох ажиллагаа өрнөж эхлэв. Ийм “борооны” түрүүч ч эхэлчихсэн. Мундаг эдийн засагч, маш сайн гэрээ хийсэн, түүнээс өөр ийм гэрээ хийх хүн Монголд байхгүй гэх зэргийн мэдээ хаа саагүй харагдах болж. Энэ бол С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын гэрээг түр зогсоосны эсрэг авч буй арга хэмжээний мөн л нэг хувилбар. Нөгөө талаас МАН-ынхан ч зүгээр суухгүй. Ялангуяа Ж.Оджаргал.
Оюутолгойгоор баяжсан гадаадынхан, монголчууд бий. Бас Иргэний хөдөлгөөнийхөн байна. Тэд янз бүрийн аргаар Оюутолгойг төсөл төдий байхаас нь эхлэн саав. Хэд хэдэн зуун саяаар нь төгрөг халаасалж байв. Энэ талаар ихэнх нь мэддэг ч дуугардаггүй байлаа. Оюутолгойнхон гэрээгээ явуулахын тул тэдэнд мөн л мөнгө өгдөг байсан учраас тэр. Оюутолгойг шантаажилж, бас Оюутолгойд үйлчилж баяжсан Иргэний хөдөлгөөний удирдагчид тун удалгүй өргөө ордон бариулж, Бээжингээс тавилгаа зөөж буйг телевизээр харуулж байв. Гэвч тэднийг хөлсөлсөн нөхдүүд тээр дээр сууж байсан учраас эд нарыг яагаа ч үгүй. Өнөөдөр тэрхүү удирдагчид хаана, хаана сууж байгааг бид маш сайн мэднэ. Мөн ингэж мөнгө олсон нь тэдний ч буруу биш. Овсгоотойнх.
Одоо тэдний халааг огт өөр хөдөлгөөнүүд авсан. Цоо шинэ гэж хэлж болохоор. Тэдэнд өмнөх хөдөлгөөнүүдээс авсан арвин туршлага бий. Атаархал ч бий. Гудамжинд майжгий гуталтай орилоод явж байсан нөхдүүд өнөөдөр өндөр албан тушаалд заларч суугааг хараад ямар ч эрүүл хүн атаархаж таарна. Тэгээд ч Монголд, “Чадаж байгаа юманд арга байхгүй”, “Зорилго нь аргаа зөвтгөдөг”, “Хулгай дээрэм, аллага хядлага үйлдээгүй л бол ямар ч аргаар мөнгө олж болно” гэсэн зэрлэгдүү капитализм хаа сайгүй ноёрхдог учраас хэн юу дуртайгаа хийж, ямар ч “хөгжмийг” мөнгөөр захиалж болдогийг хуучин Иргэний хөдөлгөөний “баатрууд” харууллаа шүү дээ. Тиймээс тун удахгүй нөгөө цалин, тэтгэвэрээ аваагүй ууртай хүмүүсийн магнайд Иргэний хөдөлгөөнүүд гараад ирэхийг үгүйсгэхгүй байна. Яагаад гэхээр хөдөлгөөнүүдийг хөдөлгөөнд оруулах мөнгө Ж.Оджаргалд хангалттай бий. С.Баярцогтод ч хаа нэгтээгээс мөнгө ургуулах авьяас билэг, учир шалтгаан бий. Дээр нь туршлагатай. Тавантолгойг явуул, аль эсвэл Ерөнхийлөгч огцор, УИХ тараа гэх зэргээр ууртай хүмүүсийн цуглаан ордны урдах талбайд удахгүй өрнөх өндөр магадлалтай.
Дэлхийн түүхэнд далай шиг хөрөнгө мөнгөтэй Ротшильд, Рокфеллерүүд эдийн засаг, улстөрийн хязгааргүй эрх мэдлийг зуун, зуунаар хуваан атгаж ирсэн байдаг. XIX зуунд Ротшильд, XX зуунд Рокфеллерийнхэн атгаж байв. Одоо Бушийнхан уу, эсвэл Расселийнхэн үү? Бүү мэд. Ямар ч байсан эдгээр синдикатуудын мөнхийн хүсэл нь мөнгөний хүчээр улс орноо удирдагчидтай нь атгаж, яваандаа дэлхийн Засгийн газрыг байгуулах явдал. Хуруу гар нь ч урт. Хойд хөршийн М.Ходорковскийг В.Путины эсрэг босгож, нөгөөх нь Төрийн Думдаа л гэхэд өөрийн гэсэн 200 гишүүнтэй болоод байв. Гэвч Путин дийлсэн. Түүнийг нэг тэрбум долларын татварын хэргээр 10 жил шоронд хатаав. Ингэж тэр Ротшильдийнхэнд “бэлэг” барьжээ.
Монголд MSC-ийг тойрсон синдикатархуу юм бий болсныг дээр доргүй ярьдаг. Гэхдээ чанга биш. Шивнэж. Яагаад гэхээр өдгөө чинь мөнгө “сонсч бас ярьдаг” нийгэмд амьдарч байгаа болохоор тэр. Мөнгөнд дургүй хэн байна? Мөнгө хэрэггүй хэн байна? Мөн энэ синдикатархуу юмны толгойлогчид нь хууль зүйн сайд байгаад нөгөө алдарт долдугаар сарын үймээнээс хойш яагаад ч юм таг чиг болсон МАН-ын Ц.Мөнх-Оргил, “Петровис”-ийн Оюунгэрэл, АН-ын С.Баярцогт, MSC-ийн Ж.Оджаргал нар гэлцэх болж. Ч.Сайханбилэг нарын хүмүүс нь энд шатраар бол муугүй хүчтэй “боднууд”. Харин М.Энхсайхан бол зүгээр л нэг муу шатрын хүү. Нохойд барьсан мод. Могойноос хамгаалах саваа.
Тэд энэ “саваагаар” ямар ч байсан Тавантолгойн ордыг MSC дангаараа эзэмших, гурван сая иргэнийхээ 1072 ширхэг хувьцааг зүгээр л нулимаад хаях гэрээг хийлгэж дөнгөжээ. Ухаантай, учир мэддэг хүмүүсийг сонсвол MSC хятадуудад зээлтэй, байдал эвгүйтвэл ирээдүйд зээл нь өр болж хувирах магадлалтай, тэгсэн тохиолдолд Монголын энэ уурхай шууд хятад компанийн мэдэлд бүрэн шилжих аюултайг тун нухацтай өгүүлэх болж. Хамгийн гол нь ийм үгийг ямар нэг улстөрийн амбицгүй, эд хөрөнгийн гэх шуналгүй, эрдэм номын мөр хөөдөг, хашир, туршлагатай нөхдүүд яриад байгаа юм. Түүнээс биш аль популистуудын донгосохыг тэр гэхэв.
Тэгэхээр синдикатууд наанаа маш их буян үйлдэж байгаа дүр үзүүлэвч, цаанаа зөвхөн өөрийнхөө хөрөнгө мөнгийг арвижуулахын төлөө хамаг бүхнээ зориулсан байдаг. Улс гүрний хооронд дайн дэгдээх зэрэг тэдний хувьд юу ч биш. Нэг үндэстэн газрын хөрснөс арчигдлаа гэхэд эндээс хэр ашиг олов гэдгээ бодоод л инээгээд сууж байдаг хүмүүс. Манай бурхан дүртэй, янз бүрийн нэр алдартай хүмүүс түүнтэй адилхан. Ашигийн төлөө, мөнгөний төлөө л зүтгэнэ. Ийм хүмүүст эх орон, газар нутаг, ард түмэн гэх ойлголт зөвхөн нүүрний баг төдий хэрэглэгддэг. Зүрхэнд нь байдаггүй. Зүрхэнд нь зөвхөн мөнгө харагддаг. Мөнгөний төлөө зүрх сэтгэлтэй хүмүүс улс орноо хөгжүүлдэггүй нь мөн л нэг ёсны хууль болсон зүйл.
Оюутолгойн гэрээг байгуулагдаж гарын үсэг зурсны дараа манай дарга нар маш их баярлаж байлаа. Ер нь тэднийг олипийн аварга төрсний дараа согтуу хэлхэлдэн баярлацгааж байсныг нэг харсан. Мөн Оюутолгойн гэрээ байгуулагдсаны дараа хамтдаа гар хөлөө барилцан, бөөн баяр болцгоож байсныг санах юм. Өөр ер нь эд нар ингэж баярлаж асан тохоиолдол бий юу. Ингэхэд Оюутолгойн гэрээ байгуулагдсанаар монголчууд цэнгэлийн манлайд хүрэх тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийн цуурай замхраагүй байна. Гар хөлөө өргөлцсөн С.Баяр, С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нарын зураг ч шарлаагүй байна. Тэд өнөөдөр хаана явна аа? Бид Оюутолгойгоос юу хүртэв ээ? За яахав, бид байг гэхэд Монгол Улс юу хүртэв? Асуугаад байгаарай нөхдөө. Бас яриад байгаарай. Нөгөө гайхалтай гэрээ юу болов? Хөрөнгө оруулагчдийг үнэхээр бид тэнэгтээ хөөгөөд гаргав уу? Эсвэл зальтай туршлагатай луйварчдын тулгасан болзлыг биелүүлэхгүй болохоор тунисандаа гарч явчихаад байна уу?.
Хүний нутгийн чоно ингэхэд хүнийх нутгийнх л байдаг. Хүний нутгийн чонотой нийлсэн гэрийн нохой хамгийн аюултай. Тиймээс арай гүрэн дамнасан бас нэгэн синдикатархуу юм Оюутолгойг тэмбэржүржиг болгоод, энэ бололцоог олгосон манай “аваргууд” оргон зайлав уу гэдгийг асуумаар байгаа юм. Харин хэнээс вэ?
Түүнийг “Ганцаардсан чоно” гэх нь бий. Нэгэн кинон дээр “Чоно оо, чоно...” гэдэг шиг угийн чоно санаатай гэлцдэг юм. Гэхдээ түүнд анхандаа өөрийн гэсэн үзэл бодол, итгэл үнэмшил байсан юм шүү. Ардчиллыг жинхэнэ сонгодог агуулгаар нь харж асан үе бий. Гэвч ардчиллынхаа ололтыг хувьдаа ашиглах гэсэн намынхаа толгойлогчидтой санал нийлдэггүйгээс ганцаардсан чоно шиг болсон нөхөр гэвэл зохилтой. Яагаад гэхээр С.Зоригийн ёс бус цаг зуурын үхэл түүнд олон зүйл ойлгуулсан байж магадгүй. Одоо түүний итгэл үнэмшил бүрэн өөрчлөгдсөн. Дуусч байгаа улстөрийн карьер, өдөр ирэх тутам эвхэгдэх нас, шинээр эхэлсэн амьдрал, мөнгө төгрөг гээд нөлөөлөх юм бий. Ерөнхийдөө амьдрал юм даа. Тиймээс хуучин бүхнээ хаяаад үлдсэн амьдралаа цоо шинээр харах болж, ямар сайндаа л мөнхийн дайсан Н.Энхбаяртайгаа очоод тэврэлдэж байхав дээ.
Түүний ийнхүү сэтгэл шуударсныг С.Баярцогт маш сайн анзаарсан байна. Тавантолгойн гэрээг байгуулахад яг ийм хүн хэрэгтэй байлаа. Тиймээс М.Энхсайхныг “цэрэггүй” сайдаар авав. Үүрэг нь ганцхан. Тавантолгойн гэрээгний төслийг тэдний санаснаар хийх. Байгуулах. Батлуулах.
Ингэхэд “Ганцаардсан чоно” өдгөө хөгширсөн байна. Тиймээс хоёр улсын хооронд хийгдэж байгаа гэрээг хуурамч, жинхэнэ гэсэн хоёр юм бий гэсэн маягтай юм ярьж будилдаг болж, хөөрхий. Нууц ч гэж үзэв. Ингэхэд “Ганцаардсан чонын” эцсийн удаа мөнгө олох алтан боломж үнэхээр энэ байсан байж магадгүй. Насны бөгсөнд юугаар ч дутахгүй, амар тайван амьдрахыг хүн бүхэн л хүснэ шүү дээ. Ямар Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн хоногийн хоолоо олохын тулд гудамжинд гутал тахлаад сууж байлтай биш. Нөгөөдүүлийнхээ адил гадаадад амьдарч, гадаадаар зугаалмаар санагддаг байлгүй дээ. Тиймээс М.Энхсайханыг ард түмнийхээ эсрэг гэрээ хийжээ гэдгийг сонсохоор нэг их буруушаадаггүй. Амьдрал л юм чинь Ардчиллын төлөө анхнаасаа зүтгэсэн нөхдүүдээ бас хараад бяцхан атаархдаг байлгүй дээ.
1996 онд шиг санагдана. Нэгэн сонины сэтгүүлч түүнээс яг одоо таны халаасанд хэдэн төгрөг байна вэ хэмээн асуухад, “400 доллар, 90 юань, хэдэн ч билээ рубль байна” гэж хариулсан байдаг. Түүний энэ сайрхлыг сонсоод хүмүүс дуу алдаж байв. Тэр үеийн 400 доллар гэдэг чинь мангар их мөнгө байхгүй юу.
Одоо түүний халаасанд хэдий хэмжээний доллар, еврогийн цахим карт явдагийг бүү мэд. Энэ нөхөр өөрөө зарим газар, заримг дансандаа байгаа нэг сая долларыг мартчихаж байгааг бодоход түүний мөнгө тоймгүй болоо биз. Ингэхэд түүнийг АН, МАН-ын мөнгөөр холбогдсон бүлэглэлийн “гүүр” нь гэлцдэг юм. Гэхдээ энэ “гүүрээр” хэн дуртай нь гарахгүй. Бас энэ хүн Монголын улстөрийн тайзан дээр тоглогдож буй энэ хоёр намын мөнгө төгрөгтэй холбоо бүхий бүх жүжгийн гол найруулагч нь. “Тархи” нь гэсэн үг. Хэрхэн ашиг олох, олон нийтийг яаж молигодох, хэзээ ямар дүр үзүүлэх, хэн хэнтэй хамтрах, хэзээ яахыгаа маш сайн тооцоолно. Ер нь авьяаслаг зохион байгуулагч. Зальтай. Үнэг дэргэд нь юу ч биш. Оюутолгойн гэрээг л гэхэд баахан толгой эргүүлсэн томьёо, харь үг хэрэглээд магтчихаж байгаа юм. Дөрвөн аргын тоогоо 1000 дотор арай чамай эргэлдүүлдэг мань мэт ямар балуугаа ойлгох вэ дээ. Мэлийгээд л сууж байгаа юм чинь. Зарим маань худлаа ойлгосон дүр үзүүлж толгой дохиод л. Товчхондоо түүнд Оюутолгойг нохойн замаар оруулсан арвин туршлага бий. Тиймээс Тавантолгойг чонын замаар оруулах ”Цахилгаан дайны” дайны төлөвлөгөөг удирдаж байгаа болов уу гэж харддаг. Ч.Сайханбилэгийн Ерөнхий сайд болсон шалтгаан ч энэ байх. Ч.Сайханбилэг түүнийг ЗГХЭГ-ын даргаараа авсан нь ч бас ийм учиртай биз. С.Баярцогт ч өөрийнхөө удирдлагад жаахан “мангардуу” сайдууд авсаны шалтгаан энэ биз. Мөн тэр хоёр найзууд. Бас мөнгөний найзууд. Мөнхийн найзууд.
Бидэнд ийм хувьцаа байдаг гэдгийг үнэндээ таг мартчихсан явж байсан юм. З.Энхболд л ашгүй санууллаа. Энэ байтугай амлалтанд бид хууртсаар байгаад дассаны илрэл энэ л дээ. Ялангуяа сонгууль бүхний өмнө өгдөг амлалтад эхлээд итгэдэг, учиргүй хөөрдөг, дараа нь мартдаг. Түүнийгээ эргэж хэзээ ч нэхдэггүй. Болох ёстой юм болоод өнгөрсөн юм шиг санадаг, тийм л газар нутаг шигээ уудам сэтгэлтэй, нуур нугас шиг амгалан ард түмэн. Энэ бүхэн үнэнийг хэлэхэд цэнхэр, ягаан тасалбараас эхтэй. Тиймээс хувьцаа энэ тэр гэсэн үгийг огт тоодогүй.
Хэрвээ зөв ойлгосон бол энэ гэрээ батлагдсанаар бидний хувь хүртэх нэг ёсны батламж 1072 ширхэг хувьцаа хувийн MSC компанийн мэдэлд очих байжээ. Төр нь хувьцааныхаа ашгийг өгүүлж чадахгүй байхад, ашиг мөнгө хөөдөг зарчимтай хувийн компани бидэнд хувь хишиг хүртээх үү? Үгүй байлгүй дээ. Тийм тэнэг бизнесмэн өнөөдөр энэ дэлхий дээр байдаг бол цөөхөн биз. Харин манайхан өгнө гэж ярьж өлхөн чадна. Ингэхэд MSC ч тэр, нөхөр С.Баярцогт ч тэр, М.Энхсайхан ч тэр энэхүү хувьцааг ард түмэн аль хэдийнэ мартсан гэдгийг анзаарсан байж таараа. Тоохгүй гэдгийг ч мэдэлгүй яав гэж.
Хувьцааны ногдол ашиг гэж амьдралдаа авч үзээгүй бидний буруу гэж энд юу байхав. Өнөөдөр хувьцааныхаа ногдол ашгаар баяжсан жирийн иргэн бий юу, ингэхэд. Байхгүй. Одоо ч учрыг нь сайн ухаж ойлгоогүй хүн надаас авхуулаад зөндөө. Гэхдээ хувьцаа гэдэг юмныхаа ашгаар өлхөн амьдраад байж болох юм гэсэн нэг муу бүрэг бараг ойлголт өдгөө хүмүүст төрөөд байгаа бололтой харагддаг. Тиймээс 1072 ширхэг хувьцаатайг сануулсан энэ гэрээнд баярлалаа гэхээс яахав.
Тавантолгойг ашиглах төслийг хэрэгжүүлэхэд Монголын талаас аль болох олон компани ороосой. Түүний том жижиг байх нь огтхон ч хамаагүй. Олон компани орвол олон хүн ажилтай болно. Ганц хүний компани ганц хүнийх л байх нь хэнд ч ойлгомжтой. Түүний мэдлийн л охин компаниуд ажилтай болох байлгүй дээ. Цэвэр ус гуанзандаа авлаа гэхэд Ж.Оджаргал охин компаниасаа л авч таарна биз дээ. Түүнээс биш төө тэнд байгаа миний компаниас авах уу? Ядахдаа хамаатан садан биш. MSC л гэхэд энэ төслийг хэрэгжүүлэхээр мянга, мянган ажилчин нэмж авах уу? Эргэлзээтэй. Зах зээлийн зарчим нь хэмнэлт, мөн хамгийн орчин үеийн техник технологи өргөнөөр ашиглахыг шаардаж байгаа үед шүү дээ.
Ингэхэд Тавантолгойд Оюутолгойгоос огт өөр орчин нөхцөл зөндөө бий. Үнэндээ бараг газрын хөрсөн дээр ил шахам овоогойд байж байгаа нүүрс. Түүнийг бид тал талаас нь мэрж амьдрах ёстой. Олуулаа идсэн оготно таргалж, ганцаараа идсэн гахай турдаг нь ертөнцийн хууль.
Өдгөө Тавантолгойн талаар ярихгүй хүн гэж алга. Шаагилдаад л байна. З.Энхболд дарга сайндаа ч биш, “Женко”-г дэмжсэндээ энэ гэрээг зогсоож байгаа гэх нэгэн ч таарах л юм. М.Энхсайхан гайхалтай гэрээ хийсэн гэх нэгэн ч байж л байна. Ч.Сайханбилэгийг өмөөрөх хүн ч харагдаж л байна. Гэхдээ ингэж шуугиулсан гэрээ явж явж хэсэг бүлэглэлүүдийн хооронд тохиролцсоноор олон нийтийг хөөрхөн мангартуулсан нэг юм гаргаад тавихаа наадуул чинь мэднэ ээ гэх хүн ч байна. Гэхдээ өнөөдөр манайд үнэхээр шударга төр байгаа юм бол, хуулиа ягштал дагадаг юм бол ийм гэрээ хийсний төлөө Ч.Сайханбилэгийг сандлаас нь буулгаж, М.Энхсайханд эрүүгийн хэрэг үүсгэх ёстой гэлцэх хүмүүс олон болсон байна. Яагаад гэхээр хуулиа уландаа гишгэх тусам, синдикатархуу юмнууд хоорондоо хэрэлдэх бүр ёс суртахуун гэгч юм алгуурхнаар хаа хаанаа алдагдаж, дунд нь савлаж явдаг иргэддээ нөлөө нь илүү муугаар тусдаг нигууртайг өнгөрсөн хугацаанд бид чамгүй олон жишээн дээр харжээ.
Д.Гал
Сэтгэгдэл (90)