УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Тавантолгой”-н хөрөнгө оруулалтын талаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдийн дунд санал асуулга явуулсан юм. Тэрээр өнөөдөр санал асуулгынхаа дүнг сэтгүүлчдэд танилцуулж, судалгааны материалыг Тавантолгойн ордыг ашиглах асуудалтай холбоотой дүгнэлт гаргах ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэгт хүлээлгэн өглөө.
Ж.Батзанданы явуулсан энэхүү санал асуулгад нийт 11526 иргэн хамрагджээ.
Өнөөдөр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гаргасан нийт хувьцааны 17%-ийг эзэмшээд байгаа Монгол улсын 2.5 сая иргэний 2.5 тэрбум ширхэг, 553 аж ахуйн нэгжийн 8.5 сая ширхэг хувьцааг саналын эрхгүй болгож, Монгол улсын үндсэн хуулийн 5-р зүйлийн 5.2, 5.3-р заалт, 16-р зүйлийн 16.3-р заалт, Компанийн тухай хуулийн 34-р зүйлийг ноцтой зөрчиж хувьцаа эзэмшигчдийн үндсэн эрх, санал өгөх эрхийг хязгаарласан байна.
Тэрбээр дараах асуулгаар санал авчээ.
1. “Таван толгойн” хөрөнгө оруулалтын гэрээнд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан тусгай бүлэг оруулахыг дэмжиж байна уу?
2. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 20 хүртэлх хувийг эзэмшиж буй Монгол улсын иргэд, үндэсний аж ахуй нэгжүүдийн хувьцааны саналын эрхийг эдлүүлж, хөрөнгийн биржээр арилжаалах боломжийг олгохыг дэмжиж байна уу?
3. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 51 хувийг ард иргэд, төрийн мэдэлд үлдээхийг дэмжиж байна уу?
4. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн иргэн бүр эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаанд оногдох ногдол ашгийн хэмжээг тодорхой болгохыг дэмжиж байна уу? зэрэг 4 асуудлаар болон иргэдээс бичгээр санал авсан болно.
5. Саналын хуудсыг хувьцаат компаний саналын хуудас авдаг нийтлэг шалгуураар боловсруулж иргэдийн овог, нэр, регистрийн дугаар, утас, гарын үсгийг зуруулан авлаа.
6. Хувьцаа эзэмшиж байгаа иргэдээс нийт 11526 иргэн санал өгсөн байна.
Ингэхэд иргэдийн 99,4 хувь нь Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хувьцаа эзэмшигчдийн талаарх тусгай бүлэг оруулах нь зүйтэй хэмээн хариулсан байна. Мөн “Эрдэнэс тавантолгой” ХК-иас эзэмшиж буй иргэд, ААН-ийн хувьцааны саналын эрхийг эдлүүлж, хөрөнгийн биржээр арилжаалах боломжийг олгох, тус компанийн 51 хувийг иргэд, төрийн мэдэлд үлдээх, 1072 хувьцаанд оногдох ногдол ашгийн хэмжээг тодорхой болгохыг дэмжиж байна хэмээн үзэж байгаагаа оролцогчид илэрхийлсэн аж. Түүнчлэн орд газруудтай холбоотой бусад ямар санал байгааг иргэдээсээ бичгээр авсан бөгөөд Ж.Батзандан гишүүн эдгээр саналыг ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэв.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)